Босоо хөх Монгол хөдөлгөөнийхөн өчигдөр мэдээлэл хийжээ. Мэдээллийн гол зорилго нь цаазын ялыг сэргээхийг хүсчээ.
Хөдөлгөөний тэргүүн Г.Ганхуяг: "Монгол Улсын нийт аав нарын нэрийн өмнөөс, Монголчуудынхаа нэрийн өмнөөс, тэр тусмаа насанд хүрээгүй бага насны охин хүүхдүүдтэй аав ээж нарын нэрийн өмнөөс ҮАБЗ-д шаардлага хүргүүлж байна. Бага насны охидыг хулгайлах, хүчиндэх, алах гэмт хэрэг хэрээс хэтэрлээ.
Сүүлийн нэг жилийн дотор гэхэд л маш олон ийм төрлийн гэмт хэрэг гарлаа. Найман настай охиныг хүчиндээд, жорлонд хаясан байна. 12 настай охиныг хулгайлж авч яваад, хүчиндээд булаад хаясан байна. Таван жилийн өмнө Хөвсгөл аймагт 8 настай охиныг хулгайлаад, хүчиндээд, алаад, мөч мөчөөр нь салгаж цүнхлээд хог дээр хаяж байсан гэмт хэрэгтэн энэ жил шоронгоос суллагдах гээд байж байна. Энэ бол хүн биш, араатан. Ийм хүмүүсийг Монголын ард түмэн жигшин зэвүүцэж байна. Үүний талаар дуу хоолойгоо хүргэх байгууллага алга.
Монгол Улс бол цаазаар авах ялыг халсан улс мөн гээд зарлачихсан. Ингэж зарласнаараа бидний мэдэхгүй олон зээл, тусламж авчихсан байдаг юм байна. Гэхдээ Монгол Улсын хуулинд цаазын ялыг сэргээх боломж байгаа юм байна. Тийм учраас Монгол Улсын ҮАБЗ-д цаазын ялыг сэргээж өгөөч гэдэг хүсэлт гаргаж байна" гэжээ.
Уншиж байна |