Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Үндэсний бөхийн аварга Сүхбаатарын Мөнхбат "Бор аварга" сан байгуулаад удаж байгаа ажээ. Сангаараа дамжуулж олон нийтийг соён гэгээрүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгальтайгаа хүн зөв зөөлөн хүн ёсоор хайрлан хамгаалахыг зааж сургадаг энэ чиглэл рүү илүү хандсан ажил хийж, үйл ажиллагаа явуулдаг болжээ.
Аварга С.Мөнхбат "Миний хувьд "Бор аварга" санг байгуулаад ажиллаж байна. Манай сангийн зорилго гэвэл байгаль эх дэлхийтэйгээ зөв зохистой харьцах, хайрлах, соён гэгээрүүлэх чиглэлийн үйл ажиллагааг явуулдаг.
Байгаль орчныг хэн сүйтгэж хэн доройтуулж байна вэ гэж асуухаар ойлгомжтой шүү дээ. Ганцхан сөрөг хандлага бий болгож байгаа нь хүмүүсийн хандлага. Тэгэхээр хүмүүсийн боловсролыг дээшлүүлж, хүн өөрөө байгаль дэлхийгээс ургаж гардаг шүү. Хүн өөрөө байгалийн бүтээл шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Бидний өвөг дээдсийн үлдээсэн соёл иргэншил бол байгаль дэлхийтэйгээ зөв харьцах, байгаль дэлхийтэйгээ дасан зохицож амьдрах том арга ухаан байдаг. Тэрний нэг жишээ гэвэл газар шаасан гадсаа сугалж авдаг. Бууриа цэмцийтэл цэвэрлээд нүүдэг. Дээрээс нь манай Монголчууд байгаль дэлхийгээсээ эрч хүч энергиэ авдаг.
Би бол бөх хүн, уул овоонд гарах дуртай. Гэхдээ уулан дээр гараад хийморь сэргээд янзын болоод байна гэж байхгүй л дээ. Хүн бол энергиэр амьдардаг, энергиэр хөдөлдөг. Би хаа таарсан газраа овоо босгодоггүй. Овоо гэдэг зүйл олон салхины эрчис дээр зөв энергиэтэй газар байна гэж үзээд овоо маягаар чулуу тавьж өрж тэмдэглэдэг. Харин биеийнхээ энергийг засдаг тэр уламжлал одоо өргөл өргөж байна нэрээр бид маш ололн зүйлийг устгадаг. Модонд хадаг уядаг. Энэ маш буруу. Энерги сайтай эрчим хүч ихтэй газрын модонд хадаг уячихдаг, уул ус овоо руу нь сүү цацал өргөөд идээ будаа тавьчихдаг. Тэр нь өмхийрээд эргээд байгальд маш олон экологийн сөрөг нөлөө үзүүлдэг.
Хавар цагт эрчүүд гөрөөсний цус ууна гээд анд гардаг. Тэгэхээр хүмүүсээ амьтны амь таслаад өөрийн бие сайжрах уу гэдгийг сайтар бодоорой. Бусдыг энэрч хайрлаж чадахгүй байгаа эр хүн ямар жижигхэн хүн бэ гэдэг нь харагддаг. Мөн чонын ав гээд том том буу саадаг агсаад л том том машин унаад уул хадаар явдаг эрчүүд бий. Би өөрөө анд тийм дуртай биш. Тэгэхээр эдгээр зүйлст манай эрчүүд өөрсдөө бодож тунгаах ёстой болов уу. Яг юу хийх гэж байгаа билээ гэдгээ эргэцүүлэх. Чоно алахад яг хийморь сэргэдэг үү, гөрөөсний цус уугаад бие сайжирч байна уу гээд маш олон зүйлийг бодох хэрэгтэй.
Миний өрөөнд байдаг энэ монгол өвгөний алган дээр цэнхэр алт болсон ус харагдаж байна. Алган дээрээ тогтоочихсон хүүхэлдэйн өвгөн. Усгүйгээр хүн гэж байхгүй гэсэн санааг харуулсан эд. Хүн бол байгаль дэлхийнхээ үндэснээс ургаж гараад өтөл болтлоо амьдардаг. Амьдрахын тулд ус хэрэгтэй. Дусал усыг хүртэл хайрлах хэрэгтэй. Тэгэхээр хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой. Тийм учраас хойч үе маань цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлаж хамгаалцгаая.
Би бас эдгээр сэдвээр их илтгэл тавьдаг. Бид нар жижгэрээд өөрийнхөө гэрийг өөрийнхөө орчныг гоё болгох гээд байдаг. Гудамжаа гоё болгоё гэж байгаа ямар ч хүн байхгүй. Орчноо, байгаль дэлхийгээ гоё болгоё, хамгаалъя гэж хүн боддоггүй юм билээ. Гоё машин унаад, гоё гэрт амьдраад гудамж нь аюултай, байгаль нь сүйрчихсэн тийм дотор л амьдраад байгаа юм. Тиймээс хүн болгоныг соён гэгээрүүлэх, сэтгэлгээг нь өөрчлөх нь чухал. Зөвхөн би болж байвал болоо доо гэсэн хандлагаар юм бүхэнтэй харьцаад байна. Манай иргэд өөрийнхөө гэр шигээ хүрээлэн буй орчноо хайрладаг байж чадвал бид үр хүүхэддээ хамгийн том зүйлийг үлдээж чадаж байгаа юм шүү гэж хэлье. Үлдэх үр хүүхдийнхээ төлөө байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж байя" гэж зөв зүйлийг хөндөж ярьжээ.