Киргизстаны Бишкек хотод чөлөөт бөхийн “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээн болж, тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Дэлхийн аварга, Азийн аварга, гавьяат тамирчин П.Орхон БНСУ-ын бөх И Хан Битийг цэвэр ялсанаар олимпын наадамд оролцох эрхээ авсан билээ. Түүний хувьд ”Парис-2024” олимпын наадамд оролцох эрх авсан Монголын чөлөөт бөхийн тав дахь, Монголын багийн 13 дахь эрх авсан тамирчин болов. Мөн тэрбээр зуны олимпын наадмын хоёр дахь эрхээ авч байгаа ба өмнө нь “Рио-2016” олимпын наадамд оролцож байлаа. Түүнээс хойш найман жил завсарлаж байгаад ийнхүү дахин олимпод оролцох эрхтэй болж байгаа юм. Тодруулбал, Дэлхийн аварга П.Орхонд Олимпын медаль л дутуу байгаа юм. Түүнийг дутуугаа гүйцээнэ гэж олон нийт харж байна.
Харин түүний багш дасгалжуулагч Ц.Хосбаяр "Бараг 7 жил ямар их тэсвэр тэвчээр, хүнд дарамтыг туулж Олимпын эрхээ авсан 14 наснаасаа хойш салалгүй хамт байгаа унаган шавьдаа баяр хүргээд улам их амжилт хүсье. С.Цэрэнчимэдийг маань нас нь хүрээгүй гээд 1 жил, дараа нь жин нь хүрэхгүй гээд бас 1 жил, П.Орхоныг маань тархи толгойны өвчтэй гээд 1 жил ДАШТ-ээс хасч байсан тэр муухай хүний оронцогууд, удирдлагууд чөлөөт бөхөөс минь үүрд зайлсанд маш их баярлаж байна. Хуучин холбооны нөхдийн тавьсан тэрбум гаруй төгрөгийн өрийг бараг дарсан гэсэн. .Азийн тэмцээнээ лайваар шууд тун дажгүй үзүүллээ. Хувиараа явж байгаа дасгалжуулагчдыг боломжийн хэмжээнд тусалсан сураг байна. Шинэээр зохион байгуулагдсан МЧБХ-ны удирдлагууд,арын албаныхан, тамирчид, дасгалжуулагчид, шүүгчиддээ баяр хүргээд улам их амжилт хүсье" гэжээ.
Уншиж байна |