Баян гэх тодотголтой Р.Базараа нь гүүглд мөргүй, фэйсбүүкт хаяггүй нууцлагдмал нэгэн гэдэг. Тэгвэл өчигдөр олон нийт Р.Базарааг олж харлаа. Эрүүгийн цагдаагийн албаны хуяг дуулгатай алба хаагчид тусгай машинаар сүртэй гэгч баривчилж авчирсан нь кино шиг харагдав. Алтайн хүдэр компанийн эзэн Р.Базарааг гавлаагүй авчирсан бол гүйцэтгэх захирал Р.Бат-Эрдэнийг нь гавласан бас нэр бүхий этгээдүүдийг гавлаж, шил дээр нь дарж хүчээр ЭЦА руу оруулж байгаа бичлэг нийгэмд нэлээд шуугиан тарив. Хүн болгон "Баян Базараа гэж ийм хүн байдаг уу. Олны дунд нууцлагдмал этгээд. Чухам яагаад баривчилж байгаа нь анхаарал татаж байна" хэмээн бичиж, твиттэрт жиргэж байна.
Сонгууль дөхсөн өдрүүдэд улстөрийн сонирхлоор цагдан хорьсон уу. Эсвэл үнэхээр бүлэглэж хууль бус гэмт хэрэг хийсэн үү гэдэг нь хууль шүүхийн байгууллагад шалгагдаад тодорхой болчихно.
Өнөөдөр гэхэд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас мэдээлэл хийж нэр бүхий 4 этгээдэд 48 цагийн хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Яллагдагчаар татах эсэхийг прокурор шийднэ, прокурорт хүсэлтээ хүргүүлсэн байгаа гэдгийг албаныхан онцлов.
Тодруулбал, Р.Базараа тэргүүтэй дөрвөн этгээдийг хууль бусаар их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй, мөн бусдыг дарамталж айлгаж ичээж, эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх мэт хэргүүдэд буруутгаж шалгаж байгаа юм байна. Р.Базараа нь "Алтайн хүдэр" "Бүрдэл майнинг", Тээвэр хөгжлийн банк зэрэг олон обьекттой. Тэднийг нь бүгдийг нь шалгаж нотлох баримтууд болон их хэмжээний мөнгийг ч хурааж авсан юм байна.
Р.Базараагийн "Бүрдэл майнинг" компани нь Булган аймгийн Бүрэнхангай суманд хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд 1,6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхээр шийдвэрлэжээ.
Тодруулбал Төв аймгийн прокурорын газраас “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Б, уурхайн дарга В.Б нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр орон нутгийн тусгай хэрэгцээний 7.18 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1, 3 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдсэн байна.
Бас нэг иргэн "Хөвсгөл далай ээжийг маань сүйтгэж байгаа этгээд дээ. БОАЖЯ ямар ч арга хэмжээ авдаггүй. Нутгийн иргэд гомдол гаргаад дийлдэггүй. Тусгай хамгаалалттай газрын онцгой бүсийг аялал жуулчлалын бүс болгоод дураараа дургидаг. Хууль үйлчилдэггүй хүнийг хэн ямар учраас баривчлав. Анхаарал татаж байна шүү" гэж бичжээ.
Тэгвэл Р.Базар гэж хэн бэ?
Говь-Алтай аймгийн Цээл суманд үйл ажиллагаагаа явуулдаг дотоодын хөрөнгө оруулалттай "Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базар тус аймгийн Таяннуурын уурхайгаас төмрийн хүдрийг тонн тонноор нь олборлож баяжсан нэгэн. Гэхдээ түүнийхээ хэрээр хууль бус үйлдлүүдээ зогсоодоггүй. Түүний охин компани болон “Эко Алтан Заамар” компанийн ил уурхайд осол гарч, дөрвөн хүний эрдэнэт амь эрсэдсэн хэрэг нэг хэсэг шуугиж байгаад замхарсан.
Хэргийг дахин сануулахад, 2019 оны хоёрдугаар сарын 28-нд тус уурхайд нуралт үүсч, зургаан хүн дарагдсан бөгөөд онцгой байдлын аврагчид хоёр иргэнийг нурангин доороос эсэн мэнд гарган авсан юм. Харин сураггүй алга болсон дөрвөн хүнийг аврахаар МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, Шүүх шинжилгээний ажилчдаас бүтсэн 130-аад хүн ослын газарт ажиллаж тэдний цогцсыг гарган авч байсан.
Тухайн үед цагдаа, хууль хүчнийхэн хэргийг шалгаж байгаа гэсэн боловч шалгалтаар ямар баримт нотлогдсоныг олон нийтэд мэдээлэлгүй өнгөрсөн. Удалгүй тус компанид дахин осол гарч, 26-хан настай залуу амиа алдав. Тодруулбал, Булган аймгийн Бүрэг хангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "Эко Алтан заамар" уурхайд хөдөлмөр аюулгүй байдал алдагдаж, 26 настай залуу техникт дарагдаж амь насаа алдсан. Бид нутгийнхаа алтан хэвлийг ухуулж, үүнийхээ золиосонд цэл залуу хүмүүсийн амийг зольсоор байна хэмээн нутгийн иргэд нь тухайн үед мэдээлэл хийж байсан. Гэвч удалгүй “Эко Алтан Заамар” зүсээ хувирган “Бүрдэл майнинг” болоод, Туулын амийг таслахаар дахин алт олборлож эхэлсэн байдаг.