Малайз улсын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн авлигын хэргийн шүүх хурлын үеэр Монголын улстөрчтэй холбоотой их хэмжээний мөнгөний баримт ил болсон талаар New Straits Times мэдээлжээ.
Британийн санхүүгийн хэргийн шинжээч Анжела Баркхаусийн шүүх хуралд танилцуулсан баримтуудад Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболд, түүний хүү Баттүшиг нарын нэр дурдагдаж, тэдний данс руу их хэмжээний ам.доллар шилжүүлсэн тухай танилцуулжээ.
Малайзын төрийн өмчит 1MDB компанийн охин компани болох SRC International компанийн данснаас 14.9 сая ам.долларыг Виржин аралд бүртгэлтэй байсан Muraset Limited компани руу 2011 оны 12 дугаар сард шилжүүлсэн байна.
Их хэмжээний ам.доллар хүлээн авсан Muraset Limited компанийг Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд өөрийн хувьцаа эзэмшдэг Grandcastle Assets Limited компаниараа хянадаг байсныг шинжээч тогтоожээ.
Малайзын төрийн өмчийн компанийн данснаас гарсан их хэмжээний мөнгөнөөс
-40 000 ам.долларыг Батболдын хүү Баттүшигийн данс руу
-4.5 сая ам.долларыг Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Muraset компанийн захирал Чон Чу Юний данс руу
-1.4 сая ам.долларыг Чон Чу Юний гэргий Ким Хак Соний данс руу шилжүүлсэн байна.
Үүнээс гадна С.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзэмшдэг Infinite Properties Limited болон Bophut Investments Limited компанийн дансанд тус бүр 4.54 сая ам.доллар, 2.5 сая ам.доллар орсон.
Мөн “Монголд улс төрийн зүтгэлтэн гэгддэг Дашийн Уранбилэгт 2 сая ам.доллар очсон” гэж шинжээч Анжела Баркхаус танилцуулжээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.