Парламент энэ жил 126 суудалтай болно. Он гарснаас хойш сонгуулийн төв байгууллага УИХ-ын сонгууль зохион байгуулах бэлтгэл ажилдаа ороод буй.
Тэгвэл төсвийн жил эхэлснээс хойш Сонгуулийн ерөнхий хороо төсвөөс хичнээн хэмжээний санхүүжилт авч хэрхэн захиран зарцуулж байгаа талаарх ШИЛЭН ДАНСНЫ мэдээллийг хүргэе. СЕХ төсвийн жилийн эхний сард буюу нэгдүгээр сард Төрийн сангаас 294 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Тухайн сардаа байр ашиглалтын зардалд 16 сая төгрөг шилжүүлсэн ба өөр ТАВАН сая төгрөгөөс дээш зарлага гаргаагүй байна.
Хоёрдугаар сард 382 сая төгрөгийн санхүүжилтыг төсвөөс авчээ. Улмаас 28 сая төгрөгөөр зургийн аппарат дагалдах хэрэгслийн хамт авсан бол дугуй заалны түрээсэнд 5.9 сая төгрөг төлжээ. Мөн байр ашиглалтын зардалд 15 сая төгрөг, 9.5 сая төгрөгөөр ТИТАН ПРИНТ компаниас цаас худалдан авсан байна.
Харин гуравдугаар сард төрийн сангаас 155 сая төгрөгийн санхүүжилт авсан бол Аэймаркет ХХК руу тийзний үнэ 5.1 сая төгрөг, Халиунболд ХХК руу 77 сая төгрөг шилжүүлсэн талаараа таван сая төгрөгөөс дээш зарлагын хэсэгт мэдээллээ. Тэгвэл Халиунболд компани руу ямар учраас 77 сая төгрөг шилжүүлсэн талаарх мэдээллийг хавсралт хэсгээс тодруулахад тус компанитай СЕХ 258 сая төгрөгийн гэрээ хийсэн байна. Уг гэрээний дагуу Халиунболд компани 4500 ширхэг зөөврийн саналын хайрцгийг Сонгуулийн ерөнхий хороонд нийлүүлэх юм. Халиунболд компанийн хувьд нэг хайрцгийг 57500 төгрөгөөр нийлүүлэхээр гэрээлсэн байна. Тус компанийн хувьд барилгын засвар хийх, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, авто машины худалдаа, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Гэхдээ СЕХ уг худалдан авалтаа 2024 оны худалдан авалтын төлөвлөгөөндөө тусгаагүй байна.
Уншиж байна |