ЧАДВАЛ ГИШҮҮН ЭС ЧАДВААС “ЭЛЧИН САЙД”...

Энэ жил 23 улсад суух Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, зөрөөд томилогдох Элчин сайд нарын нэрс яригдаж байна. Үүнээс гадна ерөнхий болон дэд консулууд томилогдох учиртай. Тэгэхээр энэ хаврын чуулганаар 50 гаруй хүн дипломат албанд томилогдоно гэсэн үг.
Элчин сайд бол томилогдсон улсдаа тусгай үүрэг гүйцэтгэх төрийн өндөр албан тушаалтан бөгөөд Монгол улсын нэр хүндийг олон улсад төлөөлөх “онцгой эрх үүрэг” бүхий алба. Тиймээс элчин сайдын томилгоо бол улс төрийн ердийн хэрүүлээс илүү анхаарал хандуулах сэдэв мөнөөс мөн.
Тэр тусмаа дэлхийн Геополитикийн бодлого өөрчлөгдөж, хүчний тэнцвэр шилжиж, их гүрнүүдийн мөнхийн хамтралууд задрах эрсдэлтэй, сөргөлдөгч талууд гал зогсоох мөч ойртсон энэ цаг үед Монгол улсын гадаад бодлого тогтвортой, тэнцвэртэй байх нь чухал. Энэ тэнцвэрийг Монгол улсаас гадны улс орнуудад томилогдох Элчин сайд, Консулууд хадгалдаг бичигдээгүй хууль бий.
Тэгвэл энэ жил Монгол улсын гадаад харилцааг олон улстай бэхлэх алтан аргамж нь мэргэшсэн дипломатууд байх уу? Улс төрийн томилгоо байх уу? Хамтарсан Засгийн Газар дипломат албыг тэг дундуур нь эв найртай хуваах тохироонууд явж буй юм биш биз...
Одоогийн байдлаар БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгод суух Ерөнхий Консулаар Үндсэн хуулийн Цэцийн дарга асан “өгзөг” Д.Одбаяр томилогдоод байгаа. Мөн БНХАУ-ын Эрээн хотод суух Ерөнхий Консулаар ХҮН намын гишүүн З.Лхагвадорж, АНУ-ын Чикаго хотод суух Дэд Консулаар АН-ын дарга асан С.Эрдэнэ, БНСУ-ын Пусан хотод суух Ерөнхий Консулаар Ц.Жадамбаа нар томилогдсон.
Үүнээс хамгийн гайхаш төрүүлж, хэл ам таталсан томилгоо нь “өгзөг” Д.Одбаяр, С.Эрдэнэ нар байв. Дипломат албаны шалгуур нь “өгзөг базалт”, “бэлгийн дарамт”, “авлига” схемээр хэмжигддэг болсон нь халагламаар.
Дипломатын цагаан толгойн “А”-чгүй нөхдийн томилгооноос харахад Монгол улсын гадаад бодлогын тэнцвэр, их гүрнүүдийн дунд тэсэж үлдэх бодлого ёстой хол хэвтэнэ. Товчхондоо дипломат алба ахмадын “амралтын Путёвка” болсон харагдана.
Дараагийн томилгоо нь Монгол улсаас Польш улсад суух Элчин сайд Н.Оюундарь. Дипломат алба, гадаад харилцааны салбарт ажилласан намтар нимгэн. Товчхондоо мерит зарчмыг үл тоож, мэргэжлийн дипломатчдын урдуур гишгэсэн цэвэр улстөрийн томилгоо биш үү? Үгүй гэвэл Монгол улсад байнга суугаа Эмэгтэй элчин сайд нарын намтарыг харьцуулан үзэж болно. Өнөөдрийн байдлаар Монгол улсад Канад, Их Британи, Итали БНХАУ, Европын холбооноос эмэгтэй элчин сайд нар томилогдон сууж байна.
“Чадвал гишүүн эс чадваас элчин сайд” гэх явуургүй амбицтай олон горьлогсод жилээс жилд нэмэгдсээр байгаа нь Монгол Улсын гадаад бодлогыг сулруулах гол хүчин зүйлийн нэг юм.
Дипломат алба хашиж, улс орнуудтай хэлэлцээ явуулна гэдэг олон жилийн туршлага болохоос биш их хурлын танхимд буруу зөвгүй чалчихаас тэс өмнөө гэдгийг олон улсын харилцаа практик дээр нотолж буй. Дипломатын ёс жаягийг үл тоомсорлох, яриа хэлэлцээнд туршлага дутах, их гүрний түрэмгий бодлогод ямар үед буулт хийж, хэзээ нь өөрийн байр суурийг хамгаалах, олон улсын харилцаанд сэтгэл хөдлөл ямар үр дүнд хүргэдэг ойрын жишээг В.Зеленскийгээс харж болно.
Иймд дипломат албанд томилогдож буй улстөрчид хамгийн наад захын шалгуурт буюу
- Мэргэжлийн дипломатч байх
- Авлига, ёс зүйн асуудалд холбогдоогүй
- Тухайн орны хэл, соёл, улс төр, эдийн засгийн орчны талаар мэдлэгтэй
- Улс төрөөс хамааралгүй,
- Төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх
- Монгол улсын эрх ашгийг хамгаалах эдийн засаг, хөрөнгө оруулалтыг татах, худалдааг дэмжих ажлуудад хангалттай үр дүн гаргах чадвартай байх шаардлагуудад тэнцэх ёстой.
Сүүлийн жилүүдэд манай элчин сайд нар “Эдийн засгийн дипломатын чадамжгүй” байсан нь намын томилгоотой холбоотой. Үр дүнд нь Монголын экспорт нэмэгдсэнгүй, Элчин сайд нарын ажил бодит үр дүн гаргасан нь цөөн. Ажлын үр дүн нь зөвхөн протоколын түвшинд явагддаг байв. Мөн суух орныхоо хэл, соёл, улс төр, эдийн засгийн бодлого мэдэхгүйгээс Монголын ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй явсаар ирж.
Гадаад Харилцааны яамны туршлагатай дипломатчдад карьерын шатаар ахиж, элчин сайд болох боломжийг олгоё...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ