Төр чөлөөт зах зээлийг боомилов

Төр чөлөөт зах зээлийг боомилов

 

ББСБ-ууд, автомашин импортлогч компаниуд автомашин зээлээр худалдан авах иргэдэд тухайн машины үнийн арван хувьтай тэнцэх урьдчилгаа төлөөд, үлдсэн 90 хувийг хуваан төлдөг байв. Харин Санхүүгийн зохицуулах хороо журамдаа өөрчлөлт оруулж, иргэд хамгийн багадаа 30 хувийн урьдчилгаа төлж, машинаа ББСБ-аас зээлээр авах ‘’дарамтын’’ зохицуулалт шинээр оруулжээ.

Товчхондоо ББСБ-аар дамжуулан автомашины зээл авах иргэд урьдчилгаа 10 хувь төлдөг байсан журам шинэчлэгдэн 30 хувийн урьдчилгаа төлдөг боллоо.

Ийм шийдвэр гаргасан шалтгаан:

Зээлийн хэт өсөлтийг хязгаарлах чиглэлээр хэрэглээний зээлд өр, орлогын харьцааг 70 хувиар тогтоож мөрдүүлж байсан бол одоо өр, орлогын харьцааг суудлын автомашин барьцаалсан хэрэглээний зээлд зээл-үнэлгээний харьцааны хязгаарлалтай хослуулан ашиглахаар шийдвэрлэжээ.

Энэ нь иргэдийг өрийн дарамтад оруулахаас сэргийлэх, иргэд өрөөр биш ажил эрхэлсэн орлогын өсөлтөөрөө хэрэглээгээ нэмэгдүүлэх, амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангах орлогыг өөртөө авч үлдэх, зээлийн бодлогоор дамжуулан гадаад валютын гарах урсгалыг бууруулах эерэг нөлөөтэй юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дээрх журам хувь хүний санхүүгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл мөн үү?

Чөлөөт зах зээлийн нийгмийн хамгийн чухал цөм нь төрийн оролцооны хязгаарлалт бөгөөд эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар зохицуулагддаг учиртай.

Гэтэл бизнесийн байгууллага эрсдэлээ үүрч, иргэн санхүүгээ удирдах эрхэд халдсан шийдвэрийн гол шалтгаан нь ББСБ-ын үйл ажиллагааг хязгаарлахад чиглэжээ.

Учир нь 2024-2025 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд Монголын гаалиар импортолсон суудлын автомашинуудын 35 хувь, ачааны болон тусгай зориулалтын автомашинуудын 5.8 хувийг ББСБ санхүүжүүлжээ.  Банк бус санхүүгийн байгууллагын салбарын иргэдэд олгох хэрэглээний зээлийн хэмжээ 2019 оны мөн үеэс 5.6 дахин, өмнөх оны мөн үеэс 80.6 хувиар өссөнөөр хэрэглээний зээлийн эрэлт банк бус санхүүгийн салбарт төвлөрч байгааг задлах зорилготой зохицуулалт.

Арилжааны банкуудын лобби юу?

Арилжааны банкууд гурван үеийн намтар нэхэхээс наагуур юм болж байж зээл олгодог. Явдал чирэгдэл болдоггүй, орлого нотлох шаардлагагүй зөвхөн дансны хуулгад түшиглэж зээл олгодгоор нь ББСБ-аас энэ төрлийн зээл авах сонирхолтой байдаг. Тиймдээ ч автомашин барьцаалсан зээлийн дийлэнх нь ББСБ-д төвлөрч буй. Тэгээд ч ББСБ эрсдлээ үүрээд урьдчилгаагүй зээл олгоод ирсэн асуудлыг СЗХ дундуур нь хутгалдаж, журам нэртэй иргэдийн хөрөнгөтэй байх эрх чөлөөнд халдав.

Иргэд өнөөдрийн хэрэглээгээ өрөөр санхүүжүүлэх үйл явц даамжирвал ирээдүйн орлогоосоо өрөө төлөх сөрөг нөлөөтэй гэв.  Иргэд өрөөр биш ажил эрхэлсэн орлогын өсөлтөөрөө хэрэглээгээ нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх  эдийн засгийн агуулгатай арга хэмжээ гэжээ.

Дундаж орлоготой Монголчуудын хувьд цалингаараа унах унаа авна гэдэг боломжгүй. Тиймээс урьдчилгаагүйгээр бараа бүтээгдэхүүний зээл авах нь өнөөгийн нийгэмд зол.  

СЗХ-оос гаргасан журам иргэдийг өрийн дарамтаас сэргийлэх биш нийслэлийн автозам даацаа дийлэхээ байж түгжрэлд идүүлж байгааг, улсын дугаарын хязгаарлалт зэргээс үүдэлтэй шийдвэр.

Эцэст нь СЗХ хороо бол чөлөөт зах зээлийг дэмжих ёстой байгууллага болохоос хумих учиргүй. Өөрөөр хэлбэл төр Батаа, Доржоод тэдэн төгрөг өг, өгч болохгүй гэдэг зохицуулалтыг хийж, чөлөөт зах зээлийн амин сүнсийг боомиллоо.

Төр татварын механизмаар бусдаар хувь хүний орлого, зарлага, хувийн зарцуулалтыг хянах ёсгүй.

''СЗХ нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, харилцагч, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, банкнаас бусад санхүүгийн зах зээл болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагууд, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдэд хяналт шалгалт хийх, бодлого зохицуулалтын орчныг бүрдүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллага'' гэж цагаан дээр хараар бичжээ.

Түүнээс биш зээлийн урьдчилгааны хувь хэмжээг тогтоож хувийн байгууллага иргэн хоорондын зээлийн чөлөөт харилцаанд халдах эрхгүй гэдгээ дээрх чиг үүргээсээ ойлгох ёстой болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ