Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаанаар мөн Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ.Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулах Засгийн газрын тогтоол гарсан.
Тиймээс метро барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тооцоо судалгаа, үнэлгээг хийх төслийн хүрээнд энэ оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу метро барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг 333.0 тэрбум төгрөгөөр, тус төслийн зөвлөх үйлчилгээний ажилд 54.6 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ.
Мөн төсвийн тодотголоор Энхтайван өргөн чөлөө, Их тойруугийн гудамж, Бага тойруугийн гудамж, Олимпийн гудамжаас-Их Монгол улсын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Жанжин Сүхбаатарын талбай орчмыг хамарсан явган хүний зам талбайг стандартад нийцүүлэн байгалийн чулуугаар тохижуулах ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ. Түүнчлэн Урт цагааны гудамж болон 32-ын тойргийн бүс орчимд нийтийн эзэмшлийн тохижилт, ногоон байгууламжийг бий болгох , сургууль цэцэрлэггүй томоохон хотхон хорооллуудын төлөвлөлтийн алдааг засаж, тодорхой байршлуудад сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх, нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн энэ оны хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зэрэг төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тодотголд тусгажээ. Тухайлбал, тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль, дотуур байрны их засварын ажилд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайг тодотголын төсөлд тусгасан байна. Мөн Алтай хотхон, Кинг тауэр, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Материал импекс...зэрэг хүн амын хэт төвлөрөл бүхий хотхон, хорооллуудад улсын сургууль барихаар төлөвлөж байна. Энэ хүрээнд хувийн аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөлд хүрч, сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлж, дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн бүтээн байгуулалтыг хийж эхлэх юм.
Төсвийн тодотголд тусгаснаар нийслэлийн төсвийн суурь орлогыг 2,598.9 тэрбум төгрөг байхаар тооцож байна. Үүнийг төсвийн ерөнхийлөн захирагч болон түүний харьяа агентлагууд, дүүргүүдээс төвлөрүүлнэ. Мөн нийслэлийн татварын орлого 50 тэрбум төгрөг, татварын бус орлого 68.8 тэрбум төгрөг байх аж.
Уншиж байна |