Польшийн Якушиц хотод болсон Европын биатлоны залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин алтан медаль хүртсэн нь ихээхэн шуугиан тарилаа гэж спортын мэдээлэл дамжуулдаг хэвлэлүүд мэдээлжээ.
Тодруулбал, Монгол Улсыг төлөөлөн оролцсон 21 настай Энхбатын Энхсайхан 44 минут 34,8 секундын хугацаанд 15 км замыг туулж, буудлага дээр нэг ч алдалгүй барианд орсон байна. Ингэснээр биатлоны түүхэнд анх удаа Монголын тамирчин олон улсын тэмцээнээс алтан медаль хүртлээ гэж Sportbox мэдээлжээ.
Монголын тамирчныг Зөвлөлтийн үед Олимпын аварга болж байсан дасгалжуулагч бэлдсэн, энэ удаагийн ялалт нь зүй ёсных байсан, урьд өмнө нь олон улсын тэмцээнд удаа дараа оролцож байсан гэж хэвлэлүүд онцолсон байна.
"2020 оны Залуучуудын өвлийн олимпын наадамд орж, 12 дугаар байр эзлэж байсан, өсвөр насанд байхдаа л насанд хүрэгсдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх авсан ч тэр тэмцээнд оролцоогүй. Эрт орой хэзээ нэгэн цагт Монголын энэ тамирчин амжилтад хүрэх нь тодорхой байсан. Европын аварга шалгаруулах тэмцээн дээр түүнтэй эн зэрэгцэн өрсөлдөх тамирчид байсангүй" хэмээн Sportbox мэдээлжээ.
"Гэхдээ асар богино хугацаанд Монголын биатлончин ямар замыг туулсан гэдгийг ойлгох ёстой" хэмээн эх сурвалж онцлоод, одоогоос гурван жилийн өмнө дасгалжуулагч Александр Поповын ярьж байсныг эш татсан байна.
"Харамсалтай нь Монголд Орос эсвэл Беларусь шиг нөхцөл байхгүй. Тэдэнд зөвхөн буудлагын тир, автомашин хөлхөөд байдаггүй замаар гулгаж бэлтгэл хийх л боломж бий. Цогц бэлтгэлийн үеэр тал дээр зогсоод л буудна" хэмээн дасгалжуулагч Александр Попов News.ru сонинд ярьж байжээ.
Ингээд ердөө хэдхэн жилийн дараа тааруухан нөхцөлд бэлтгэл хийж, замаар гулгаж байсан тамирчид биатлоны спортоор ихэд хөгжсөн орнуудын тамирчидтай эн зэрэгцэн медалийн төлөө өрсөлдөж байна хэмээн Sportbox онцолсон байна.
"Хэсэгхэн хугацааны дараа олон улсын тэмцээнүүдэд Монголын биатлончид ялалт байгуулахад хэн ч гайхахааргүй болох биз" хэмээн эх сурвалж онцолжээ.
Г.Бямбасүрэн