Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ажиллажээ. Цагааннуур сум нь 2024 хүн амтай. Газар нутгийн 96 орчим хувь нь улсын тусгай хамгаалалттай бүсэд хамаардаг. Нутаглах, отоглох бүсийг хязгаарлаж тогтоосноос үүдэн нутгийн иргэдийн амжиргааны эх үүсвэр болох цаа буга өсгөж, үржүүлэхэд бэрхшээл тулгардаг, ундны цэвэр усны гүний худаг байдаггүйн улмаас ахуйн хэрэглээний усаа нуурын уснаас хангадаг байна.
Сумын Цагдаагийн хэсэг автомашингүй, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах төсөвгүй, онцгой байдал хариуцсан нэгжгүй, сумын төв дэх эмийн санд шаардлагатай эм, тарианы татан авалт хангалтгүй, ахмадууд хөнгөлөлттэй эм, тариа худалдан авах боломж хязгаарлагдмал, хүрэлцдэггүй. Цаашлаад сумын хэмжээнд ундны цэвэр усны гүний худаг байдаггүйн улмаас ахуйн хэрэглээний усаа нуурын уснаас хангадаг зэрэг асуудлыг иргэд хөндсөн юм.
Мөн 2024 хүн амтай сумын хэмжээнд согтууруулах ундаа зарах зөвшөөрөлтэй 11 дэлгүүр үйл ажиллагаа явуулж буй нь ахуйн хүрээнд архидан согтуурах, гэмт хэрэг үйлдэгдэх, согтууруулах ундааны хэрэглээний хэрэглээ нэмэгдэхэд нөлөөлдөг байж болзошгүйг Комисс урьдчилсан байдлаар дүгнэжээ.
Уншиж байна |