“Транспаренси Интернэйшнл” байгууллагаас авлигын төсөөллийн индексийг танилцууллаа. Тус байгууллага 2023 онд дэлхий дахин нийтийн албанд авлигатай тэмцэхэд дэвшил гаргаж чадахгүй байгааг онцолж байна. Нийт улс орнуудын 2/3 нь 50-иас доош оноо авч, авлигын индексийн дэлхийн дундаж оноо сүүлийн 12 жилд өөрчлөгдөхгүй, 43 хэвээр байна. Дэлхий нийтэд улс орнуудын шударга ёсны тогтолцоо уналттай байгааг хуулийн засаглалын индекс харуулж байна.
Авлигажсан оронд эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс шударга ёсоос гажууд байж, ял шийтгэлгүй үлддэг. Харин жирийн иргэд шударга шүүхээр шүүлгэх нь их байдаг.
Монгол Улс авлигын индексээр 2022 онд 33 оноогоор 116 дугаар байрт жагсаж байв. Харин 2023 онд 33 оноо хэвээр хадгалагдаж, эрэмбийн хувьд 180 улсаас 121-д жагсаж, 5 байраар ухарсан байна.
Ази-Номхон далайн бүс нутгийн 31 орны авлигын дундаж индекс 45 байгаа бөгөөд Монгол Улсын хувьд бүс нутгийн дундажаас доогуур оноотой байна.
Дундаас дээгүүр орлоготой, авлигын төсөөллийн индекс нь 33 оноотой 50 орны нэг нь Монгол Улс юм.
Ардчилсан улс орнуудын авлигын төсөөллийн дундаж индекс 73 оноо байна. Гажуудсан ардчилалтай улс орнуудын дундаж оноо 48 бол ардчилсан бус улсуудын дундаж оноо 33 байна.
Ардчилсан Монгол Улс 33 оноогоор ардчилсан бус орнуудын түвшинд хүрсэн нь анхаарал татах асуудал юм.
Транспаренси Интернэйшнл байгууллагаас Монгол Улсад өгсөн дүгнэлт:
Төрийн анхан шатны мэдээлэл хомс байна.
Ковидоос хойш иргэдийн мэдэх эрхийг хангахгүй байна.
Шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангахгүй байгааг дахин анхааруулж байна.
Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх шаардлагатай. Хүний эрхийн мэдрэмж дутагдаж байна.
Авлигын эрсдэлийг бууруулах тогтолцоог сайжруулах шаардлагатай байна.
Төрийн албан хаагчдын зарлагыг мэдүүлэх шаардлагатай болж байна.
Төрийн албан хаагчдын халдашгүй дархан байдлыг оновчтой тодорхойлоогүйгээс болж, шударга ёсны шүүхээс гадуур өнгөрөх байдал давтагдаж байна.
Шүгэл үлээгч, эрэн сурвалжлах сэтгүүлчдийг хамгаалах эрхзүйн тогтолцоо сул хэвээр байгаа нь хамгийн томс эрсдэл юм.
Олон улсын зээл тусламж, хандивлагчдын мэдээллийг ил тод болгож, олон улсын байгууллага болон иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай.
Төрийн өмчит компанийн шударга бус томилгоонд авлигын гол эх үүсвэр байна.
Төрийн өмчит компаниудын засаглал хангалтгүй
Уул уурхайн салбарын засаглал хүнд байна.
Бизнесийн орчин тогтвортой биш, дарамт шахалт буурахгүй байна.
УИХ иргэдийн мэдэх эрхийг хангаагүй, судалгаагүй хууль баталсан нь ардчилсан олон талт байдал, хуулийн засаглалын үнэлгээ унахад хүргэсэн хэмээн дүгнэжээ.