Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хо Ши Миний нэрэмжит лаборатори 14 дүгээр сургуулийн дэргэд байрлах “Шунхлай” ШТС-ын үйл ажиллагааг зогсоохыг шаардаж тус сургуулийн багш, ажилтан, сурагч, эцэг эх, ойр орчмын оршин суугчид мэдээлэл хийлээ.
Тус сургууль өнөөдрийн байдлаар 5832 сурагч, 246 багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг байна. Тэдний зүгээр Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх шаардлагатай байгаа гэдгээ санууллаа. Тэд “Шунхлай” ШТС-ын үйл ажиллагаагаа хүртэл тэмцэнэ хэмээн мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор тухайн иргэд дараах байр сууриа илэрхийллээ.
БЗД-ын 13 хорооны иргэн, 14 дүгээр сургуулийн багш: Хоёр хоногийн өмнө болсон ослоос сэрэмж аваад ШТС-ыг буулгах ажлаа эрчимжүүлж байна. Энэ шатахуун түгээх станцыг байгуулахаас эхлээд бид эсэргүүцлээ илэрхийлсээр ирсэн. Энэ ШТС бидний аюулгүй орчинд сурч, боловсрох эрхийг зөрчөөд байна. Амьд явах, аюулгүй орчинд байх эрхээ л шаардаж байгаа. Таван сургуулийн хажууд ШТС байна гэж БШУ-ны сайд мэдэгдсэн. Иймээс сургуулийн гаднах ШТС-ыг нүүлгэхийг шаардаж байна. Бид хүсэх биш шаардаж байна.
БЗД-ийн 12 дугаар хорооны хэсгийн ахлагч М.Ганцэцэг: Миний хариуцдаг 118, 116 дугаар байр ШТС-тай гражны зайтай байрладаг. Хоёр байранд 545 иргэн оршин суудаг. Шунхлай ШТС 10 хоног тутамд шатахуун таталтаа хийдэг. Энэ үед тухайн орчмоор дүүрэн шатахуун үнэртдэг. Сурагчид цонхоо ч нээж чадахгүй байна. Сургууль, орон сууц, явган хүн замтай хэсэгт тус ШТС байрлаж байгаа.
БЗД-ийн 14 дүгээр сургуулийн сурагч: Манай сургууль А, С гээд хоёр жигүүртэй. Цонхоо онгойлгохоос бинзен үнэртээд байдаг. Иймээс бид цонхоо онгойлгодоггүй. Бидний эрүүл, аюулгүй орчинд сурах эрхийг битгий зөрчөөчээ гэж хэлмээр байна гэлээ.