Онцгой байдлын байгууллагаас албан хаагчдын хувцас, хамгаалах хэрэгсэлийн талаар мэдээлэл хийлээ.
Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр “Улсын төсвөөс тавигдсан хөрөнгийн хэмжээнд, тусгай стандарт, техникийн шаардлагаар дагуу албан хаагчдын хамгаалах хэрэглэл, хувцсыг худалдан авдаг. Өндөр үнэтэй, чанартай байж болно. Гэхдээ худалдан авах тоо хэмжээ буурдаг. Тиймээс Монгол Улсын цаг агаарт тохирсон, боломжийн үнэ ханштай хувцас хэрэглэлийг авахыг зорьж ажилладаг.
Баруун Европт үйлдвэрлэсэн обектын гал түймрийн хувцас хэрэглэлийн багц 2000-2500 еврогийн үнэтэй. Гэхдээ энэ хувцас манай орны уур амьсгалд төдийлөн тохиромжтой биш. Тэнд дулаан уур амьсгалтай учраас өвлийн нөхцөлд үүрэг гүйцэтгэхэд даарах эрсдэлтэй. Тиймээс Сибирийн нөхцөлд үйлдвэрлэсэн ОХУ-ын хувцсыг авч хэрэглэдэг.
БНХАУ-д үйлдвэрлэсэн хувцас нь норж, хөлддөг. Ингэснээр хөдөлгөөн хязгаарладаг. Харин ОХУ-д үйлдвэрлэсэн хувцас норолт багатай, норсон ч хөдөлгөөн хязгаарладаггүй" гэсэн мэдээллийг өглөө.
Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд "Хувцасны материал +400 градуст тэсвэртэй. Энэ нь галд шатдаггүй гэсэн үг биш. Хүчилтөрөгчийн баллон нь тухайн хүний уушгины багтаамжаас шалтгаалан дундажаар 40 минут амьсгалах боломжтой. Энэ хувцас нийт албан хаагчдын 80 хувийг хангасан. Ачаалал өндөртэй, гал түймрийн дуудлагатай ихтэй ангиудад 100 хувь хангагдсан байгаа" гэв.
Онцгой байдлын алба хаагчид Төрийн тусгай албан хаагчдын цалин хөлсний сүлжээгээр цалинжиж, гамшиг ослын голомтод ажилласан тохиолдолд тодорхой хэмжээний нэмэгдэл авдаг байна. Ээлжинд гарч байгаа албан хаагчийн өдрийн хоолны зардлыг 9500 төгрөгөөр тооцож олгодог аж.
Уншиж байна |