Сүүлийн нэг сарын хугацаанд гарсан хоёр удаагийн гал түймрийн улмаас онцгой байдлын албаны дөрвөн албан хаагчийн амь нас эндлээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүрэгт орон сууцанд гал гарч, дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн 27 настай гал сөнөөгч залуу амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон. Талийгаачийн 49 хоногийг хурааж амжаагүй байхад өнгөрсөн шөнө онцгой байдлын гурван албан хаагчийн амь эрсэдлээ.
Өнгөрсөн шөнө 01 цагийн үеийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт хийн газ тээвэрлэсэн том оврын машин осол гаргаж, дэлбэрэлт болов. Ёмкость дэлбэрсний улмаас 40 метрийн зайд үүрэг гүйцэтгэж байсан онцгой байдлын гурван албан хаагчийн амь нас эрсэдлээ.
Өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахаар улаан гал руу орсон гурван албан хаагч эгнээгээ орхилоо. Харамсаад барашгүй.
Он дараалан болсон энэ үйл явдлууд, дөрвийн дөрвөн албан хаагчийн амь эрсэдсэн энэ нөхцөл байдал онцгой байдлын албанд онцгой анхаарах цаг болсныг онцгойлон харуулж байна. Хаана, хэзээ түймэр дэгдэж, ямар осол гарахыг таах боломжгүй ч тэр бүхэнд онцгой байдлын албан хаагчид ажиллах нь л тодорхой. Тэдний өмсөж байгаа хувцас, урдаа барьж байгаа хэрэгслийг эрүүл мэнд, амь насыг нь хамгаалах хэмжээнд байлгамаар байна. Бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд өөрийгөө эрсдэлд оруулж байгааг нь тооцож, хамгийн найдвартай бүхнийг онцгой байдлын аврагчдад зориулмаар байна.
Аврагч эндсэний дараа оршуулгын зардал, мөнгөн тэтгэмж олгох тухай ярих биш тэдний эрүүл мэнд, амь насанд баталгаа болох өндөр чанартай, найдвартай хамгаалах хэрэгсэлтэй болгож өгөөч. Тэдний гэр бүл оршуулгын зардал, мөнгөн тэтгэмжээр биш сайхан хүүгээрээ, ааваараа, ахаараа дутна шүү дээ.
Татвар төлөгчдийн мөнгийг онцгой байдлын албаны техник хэрэгсэлд, албан хаагчдын аюулгүй байдалд зарцуулсан гэвэл нэг ч хүн татгалзахгүй, нэг ч иргэн дургүйцэхгүй. Эцэстээ энэ чинь иргэний, энэ улсын аюулгүй байдлын төлөө шүү дээ.
Онцгой байдлын албаны дөрвийн дөрвөн албан хаагчийн амь нас энэ албанд онцгой анхаарах цаг болсныг харууллаа. Одоо л анхаарахгүй бол дахиад гэж бичихээс ч зүрхшээм үйл явдлууд давтагдахыг үгүйсгэх аргагүй шүү дээ.
Б.Хэрлэн