Холливудын нэрт жүжигчин Арнольд Шварценеггерийг Мюнхений нисэх буудал дээр цагдаагийнхан лхагва гарагт гурван цаг саатуулжээ. Түүнийг саатуулсан шалтгаан нь буяны үйлсэд зориулах дуудлага худалдаанд тавих үнэтэй швейцар цагаа гаалийн мэдүүлэгт бичээгүйтэй холбоотой байж болзошгүй гэж ВВС агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Германы холбогдох албаныхан Шварценеггерийг Европын холбоонд худалдах зорилготой цаг авчирсан, улмаар гаалийн мэдүүлэгт бичээгүй, ингэснээр татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гэж шалгаж эхэлжээ.
Европын холбооны журамд зааснаар, тус холбооны нутаг дэвсгэр рүү нэвтэрч байгаа хүн бүр 10 мянган евро болон түүнээс дээш хэмжээний бэлэн мөнгө, үнэт зүйл биедээ авч яваа бол гаалийн мэдүүлэгт тусгах ёстой байдаг аж.
Харин Шварценеггер гаалийн мэдүүлэгт үнэтэй цагаа бичээгүй бөгөөд гэхдээ түүнийг гаалиар нэвтрэх үед хэн ч мэдүүлэг бөглөх ёстой талаар анхааруулаагүй гэж үйл явдалтай ойр эх сурвалж өгүүлжээ.
Улмаар энэ асуудлыг шалгаж дууссаны дараа Шварценеггер татварыг бүрэн төлж барагдуулсан байна.
Түүний авч явсан цаг нь Швейцарын Audemars Piguet хэмээх тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэдэг компани Шварценеггерт зориулан тусгайлан захиалгаар үйлдвэрлэсэн аж. Энэ цагийг цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд хандив цуглуулах оройн зоогийн үеэр дуудлагаар худалдах зорилгоор Шварценеггер авч явжээ. Энэ цаг ердөө 20 ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд анхны үнэ нь 50 мянган еврогоос эхэлдэг аж.
Г.Бямбасүрэн