Хүний их эмч Г.Ууганцэцэг амьсгалын замын өвчин түүнд нөлөөлж байгаа агаарын бохирдлын асуудалтай холбоотой хэд хэдэн асуудлаар шүүхэд хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Шахмал түлшний барьцалдуулагч нь ямар ч стандартгүй байна. Монгол Улсын Засгийн газар болон Тавантолгой Түлш ХХК утааны найрлагаа судалж, ил тод мэдээлэхгүй байна.Тэгэхээр бид ямар утаагаар амьсгалж байгаа нь тодорхойгүй гэсэн үг. Нийт агаарын найрлагын 21 хувь хүчиртөрөгч байдаг. Гэтэл 21 хувь байдаг хүчилтөрөгчийн оронд нүүрстөрөгч буюу угаарын хийгээр амьсгалж байгаа. Угаарын хийн найрлага, шахмал түлшнийхээ найрлагыг мэдээлэх үүргээ Засгийн газар биелүүлээгүй.
Угаарын хийн хордлогыг цочмог болон архаг өртөлт гэж хоёр янзаар ангилж үздэг. МУ бол цочмог хордлогын стандарттай. Бид өглөө ажилдаа явах, орой ажлаасаа гараад гэртээ ирэхдээ архаг хордлогод өртөж байдаг. Архаг хордлогод өртөөд байна гэдэг нь аажим аажмаар амьсгалын тогтолцооны эрхтнүүд бүгд муудаж байгаа гэсэн үг. МУ-д архаг хордлогын стандарт гэж байдаггүй, ямар арга хэмжээ авах, өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай мэдээллийг өгдөггүй. Угаарын хийн хордлогод өртсөн хүний тархинд үхжилт үүсдэг. Тархинд асуудал үүссэнээр ой санамж муудах, мартамхай болох, сэтгэл санаагаар хямардаг. Бид ковидоос болоод мартаж санаад байгаа гээд байгаа ч угаарын хийнээс болж байгааг ч үгүйсгэхгүй.
Сүүлийн 7 жилийн хугацаанд 745 хүн угаарын хийн хордлогоор нас барсан байна. Шахмал түлш хэрэглэж эхэлсэн 2019 оноос хойш угаарын хийн хордлогоор нас барсан хүний тоо огцом өссөн. Гэвч энэ угаарын хийнд хордож байгаа хүмүүсийн буруу болоод өнгөрдөг жишиг тогтож байна. Бидний татварын мөнгөөр цалин авч байгаа эрх мэдэл бүхий хүмүүсийн хэнд ч хариуцлага яригдаагүй. Бүгд хариуцлагаас бултсан байдалтай байна. Хамгийн гол нь хүүхдийн эндэгдэл өсөж байна. Өнгөрсөн оны сүүлийн статистик мэдээллээр нийт 0-5 насны 965 хүүхэд эндсэн. Тоог нарийвчлаад харахаар амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл нэгдүгээрт байна. Мөн хавдрын өвчлөлийг авч үзэхэд уушигны хавдар гуравдугаарт ордог болсон.
Цаашид энэ байдлаар үргэлжлүүлэхэд хэцүү болсон учир шүүхэд хандаж байна. Утааны улиралд хүүхдүүд жилдээ 4-5 удаа ханиад хүрдэг. Нэг удаагийн ханиаданд эцэг эхчүүд 200-300 мянган төгрөгийн эм тарианы мөнгөнд зарцуулдаг. Бид нэг хүүхдийн ханиаданд 1-1.2 сая төгрөг зарцуулж байна. Тиймээс энэ мөнгөн дүнтэй нөхөн олговрыг 0-5 насны хүүхдэд өгөхийг Засгийн газраас шаардаж байна" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |