“Зууны мэдээ” сонин энэ удаагийн зочноор ГССҮТ-ийн зөвлөх, Монгол Улсын Төрийн шагналт, Хүний гавьяат эмч С.Отгонгэрэлийг урилаа. Тэрбээр гэмтэл согогийн эмч нарын хамт 2008 онд эх орондоо чөмөгт ясны хугарлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Sign” хадаасаар хадах мэс заслын эмчилгээний аргыг нэвтрүүлсэн. 2021 онд багийн гишүүдийн хамт Монгол улсад Өвдөг түнхэнд хиймэл үе суулгах мэс заслын аргыг нэвтрүүлж, нутагшуулсан бүтээлээр “Монгол Улсын Төрийн соёрхол” хүртсэн билээ.
-Та ГССҮТ-ийн захирлаар ажиллаж байсан. Одоо ч зөвлөх эмчээр ажиллаж байна. Тиймээс ярилцлагаа Гэмтэл согогийн эмнэлгийн түүхээс эхэлье?
-ГССҮТ 1960 онд байгуулагдсан, 20 гаруй ортой, зургаан их эмч эмч, 15 эмнэлгийн ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо 500 гаруй эмч,эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсадтай, 700 ортой, улсын хэмжээнд гэмтэл согогийн чиглэлээр гурван шатлалын лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн салбарын нэгэн томоохон хүч болж өргөжсөн байна.
-Таны хувьд гэмтэл согогийн эмчилгээнд мэс заслын олон арга нэвтрүүлсэн. Тэр дундаа чөмөгт ясны /дунд чөмөг, шилбэ, атгаал/ хугаралын мэс заслыг хийж, олон хүнд амьдрал бэлэглэсэн. Өмнө нь энэ төрлийн мэс ажилбарт ямар аргуудыг хэрэглэдэг байсан бэ?
-Би 1985 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгсөж, Гэмтэлийн эмнэлэгт их эмчээр ажилд орсноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Гэмтэл согогийн эмнэлгийн үе, үеийн эмч мэргэжилтэнүүд яс үений хугарал, согогийн эмчилгээнд олон төрлийн мэс заслын аргыг нэвтрүүлэн олон хүнийг эмчилж, эдгэрүүлсэн түүхтэй. Тухайн үед чөмөгт яс -дунд чөмөг, шилбэний ясны хугаралыг хэд хэдэн төрлийн аргаар, дунд чөмөгний ясны хугарлыг дөрвөн талт Цито болон Кюнчерийн ган хадаас, өргөн шахагч ялтас зэргийг ашиглан мэс засал хийдэг байсан. Эдгээр мэс заслыг хийхийн тулд ясны хугарлын түвшинд зөөлөн эд булчинд 15-20 см зүслэг хийж, хугарлын үзүүр хэсгүүдийг ил гарган эвлүүлж, хадаасыг чөмөгний хөндийгөөр оруулан байрлуулж хугарлыг бэхэлж хаддаг байсан юм. Харин шилбэ буюу шаант яс, тахилзуурын хугарлыг металл ялтас тавих, шөргөөр бэхлэх, Г.А.Илиазаровын шахах сунгах аппарат мэс заслын эмчилгээ зэргийг хийж байлаа. Дээрхи мэс заслын бүтээлээр Гэмтэл согогийн эмнэлгийг үүсгэн байгуулсан манай багш, хүний гавьяат эмч Н. Даш, Г.Дэмид багш, Ө.Даваасамбуу, Б.Чоендорж, Г. Дагва, X.Баттөмөр зэрэг эмч нарын баг 1996 онд Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн байдаг.
-Эдгээр мэс ажилбар нь хэр эрсдэлтэй, гарах хүндрэл нь хэр зэрэг та бүхнийг түгшээдэг байв?
-Хэдийгээр дээр дурдсан мэс ажилбаруудыг эмнэлгүүдэд өргөн хийдэг байсан ч мэс заслын дараах хүндрэл гардаг байлаа. Жишээлбэл, мэс заслын шарх сэдрэх, үрэвсэх, хугарал хооронд бороололт удаашрах, хөдөлмөрийн чадвар удаан сэргэх зэрэг сөрөг тал байсан. Мэс заслын дараа удаан хугацаанд гам барих, хэвтрийн дэглэм сахих, шарх эдгэрэлтийг хүлээх зэрэг нь цаг хугацааны хувьд ч амаргүй, хүмүүсээс тэсвэр тэвчээр их шаардана. Үүний зэрэгцээ эмнэлгийн орны эргэлт ч удаан байсан.
-Харин дээрх эрсдэлийг бууруулсан ясны хугарлыг “SIGN” хадаасаар хадах эмчилгээний аргыг нэвтрүүлснээс хойш 15 жил болж байна?
-2000 оноос Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадаад дотоод хамтын ажиллагаа өргөжиж, гадны улс орнуудад хэрэглэж байсан эмчилгээний олон арга технологийг яс, үений мэс засалд нэвтрүүлсэн юм. Эдгээрийн нэг нь чөмөгт ясны хугарлын мэс заслын эмчилгээнд шинэ арга технологи ашиглах болсон явдал. Өөрөөр хэлбэл, 2008 оноос өмнө хэрэглэдэг байсан ясны хугарлын мэс заслын эмчилгээнд шинэ хувьсал хийсэн гэсэн үг. Тухайн үед гадаадын ижил төрлийн эмнэлэгт, эмч нар чөмөгт ясны хугарлыг хагас далд, хөнөөл багатай түгжээт хадаасаар хадах аргыг өргөн ашиглаж байсан үе. Тиймээс Гэмтэл согогийн үндэсний төвийн эмч нар 2008 онд ясны хугарлын мэс заслын эмчилгээнд “SIGN” хадаасаар хадах мэс заслын аргыг нэвтрүүлсэн юм.
-“SIGN” мэс засал, эмчилгээний арга нь аль улсаас эхлэлтэй юм бэ?
-“SIGN” гэдэг нь Surgical Implant Generation Network гэдгийг товчилсон нэр. “Sign fracture care international” төв АНУ-ын Вашингтоны Ричланд хотод байрладаг, ашгийн бус хүмүүнлэгийн байгууллага. Вьетнамын дайны ахмад дайчин, ортопедийн мэс засалч доктор Льюис Зиркле үүсгэн байгуулсан юм билээ. Тус байгууллага дэлхий даяар хугарлын тусламж үйлчилгээний тэгш байдлыг бий болгох, бага дунд орлоготой, хөгжиж буй орнуудын ортопедийн эмчилгээг хүртээмжтэй болгох, улс орнуудын гэмтэл согогийн эмнэлэгүүдтэй хамтран эмч нарын сургалт зохион байгуулах, ясны мэс заслын багаж хэрэгслийн иж бүрдэл, суулгацыг нийлүүлэх зэрэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд тус байгуулага хөгжиж буй 57 орны 425 эмнэлэгт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн, 5600 орчим эмч нарыг сургаж, 425.224 өвчтөнд мэс засал хийсэн байна. Харин Монгол Улсад 2008 оны аравдугаар сарын 25-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд, “SIGN” төслийн нээлт болж, Канад улсын “Оттава” их сургуулийн профессор А.Чагинно, профессор Файбль,төслийн зохицуулагч Б.Батзориг төвийн эмч нарт сургалт, дадлага зохион байгуулснаар анхы мэс заслыг хийсэн түүхтэй. Түүнээс хойш өнөөг хүртэл энэхүү мэс заслыг олон хүнд хийж, эрүүл мэнд, амьдрал бэлэглэсээр байгаа билээ.
-“SIGN” мэс ажилбарын давуу талыг нь та онцлооч. Хэр үр дүнтэй вэ?
-Аливаа мэс заслын арга, түүний үр дүн нь хийгдэж буй техник, мэс заслын багаж хэрэгсэл, суулгац болон эмчийн ур чадвар, туршлагаас хамаарна. Чөмөгт ясны хугарлыг түгжээт хадаасаар хадах арга нь мэс заслын, зөөлөн эдэд зүслэг бага хийгдэх тул цус алдах эрсдэлийг бууруулах, мэс заслын дараа хөл дээрээ бүрэн алхах боломжтой, хугарлын бороо, хөдөлмөрийн чадвар эрт сэргэх зэрэг олон давуу талтай. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү аргыг эх орондоо нутагшуулсандаа эмч бид сэтгэл хангалуун байдаг. Одоогоор ГССҮТ болон бусад эмнэлгүүдэд “SIGN” төрлийн хадаасыг 4300 орчим хүнд хэрэглэсэн байна. Энэ бол их өндөр үзүүлэлт юм.
-Тэгэхээр жилд энэ төрлийн мэс заслыг хэдэн хүнд хийж байна гэсэн үг вэ. Сөрөг үр дагавар ажиглагдсан уу?
-Жилд 250 гаруй хүнд “SIGN” хадаас ашиглан мэс засал хийж байна. Манай эмч нар ясны мэс заслыг ихэвчлэн рентген харалтан дор хийдэг. Тэгвэл энэхүү хадаасны нэг онцлог нь рентген харалтгүйгээр хийж болдог давуу талтай. Өөрөөр хэлбэл энэхүү түгжээт хадаас нь хүний биеийн чөмөгт ясны анатоми хэлбэрт яг тохирсон хийцтэй тул аюулгүй гэсэн үг. Хэрэв эмч өөрөө туршлагатай бол рентген аппарат ашиглах шаардлагагүй юм.
-Энэ мэс заслын аргад эмч нар хэрхэн мэргэшиж байгаа вэ. Амжилттай хийх баталгаа, эмч нарын нөөц хэр байгаа бол?
Жил бүр АНУ-ын “SIGN” төв байгууллага дээр эмч нарын олон улсын хурал, сургалт болдог юм. Энэ үеэр гадна, дотны олон эмч дадлагажиж, хоорондоо санал бодлоо солилцдог уламжлалтай. Өнөөдрийн байдлаар манай 40 гаруй эмч энэхүү дадлага сургалтад хамрагдсан байна. Эдгээр эмч нар хөдөө орон нутагт, ясны хугарлыг түгжээт хадаасаар хадах мэс заслыг амжилттай хийж байна.
-Зарим хадаас хүний биед олон жил болоод сөрөг үр дагавар үзүүлэх нь бий. Түгжээт хадаасны хувьд хэдэн жилийн баталгаатай вэ?
-Мэс засалч бүрийг сургалтад хамрагдсаны дараа, “SIGN” байгууллага үр дүнтэй мэс засал хийхэд шаардлагатай багаж суулгацыг өгдөг. “SIGN” стандарт хадаас нь АНУ –ын Хүнс эмийн захиргааны /FDA/ бүртгэлтэй, чанарын системийн журмын дагуу эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэдэг, ISO 13485/2016 стандартад нийцсэн чанарын удирдлагын тогтолцоог ажиллуулдаг юм. Тус хадаас нь Герман улсад боловсруулсан цэвэр гангаар хийгдсэн тул хүний биед ямар нэгэн харшил, сөрөг нөлөөлөл багатай.
-Тухайн үед энэхүү эмчилгээний аргыг нэвтрүүлэхэд ЭМЯ болон бусад байгууллага, хүмүүсээс дэмжлэг үзүүлж байсан уу?
-Бидэнд хамгийн том дэмжлэг үзүүлсэн хүн бол Монгол Улсын их хурлын гишүүн байсан Г.Батхүү агсан юм. Анх энэхүү аргыг нэвтрүүлэхийн тулд уулзаж, хүсэлт гаргахад бидний ажлыг дэмжиж, хүмүүст ач тустай гэдгийг ойлгож туслалцаа үзүүлсэнд ихэд талархаж явдаг. Бидэнд “SIGN” мэс заслын суурь багаж, түгжээт хадаасыг авах, сургалт дадлага зохион байгуулахад санхүүгийн туслалцаа үзүүлсэн. Магадгүй тэр үед Г.Батхүү гишүүн сэтгэл гарган туслаагүй бол бид зорилгодоо хүрч чадахгүй, энэхүү эмчилгээг хийх боломжгүй ч байсан юм билүү. Би хувьдаа хүний ач тусыг мартаж болохгүй гэсэн үзэл бодолтой хүн. Тиймээс ч би болон манай багийн хамт олон тэр эрхэм хүний ач тусыг санаж явах учиртай гэж боддог.
-Та ясны мэс засалд зориулсан багаж хэрэгслэл гаргах гэж байгаа гэж сонссон. Мэдээлэл өгч болох уу?
-Миний бие эрүүл мэндийн салбарт гэмтэл согогийн эмчээр багагүй хугацаанд ажиллаж байна. Эмнэлгийн байгууллагууд оношлогоо, эмчилгээ болон мэс заслын хагалгаанд олон төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, суулгацыг ашиглаж байна. Эдгээр бүтээгдэхүүн нь гадны улс орнуудад үйлдвэрлэгдсэн өөр өөрийн брэнд нэртэй байдаг. Тиймээс сүүлийн таван жилийн хугацаанд судалгаа хийж өөрийн нэрээр нэрлэсэн эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх барааны тэмдэг эзэмших гэрчилгээ авсан юм. Удахгүй анхы бүтээгдхүүн үйлдвэрээс ирнэ. Тэр үед л дахин ярья даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 7 (7251)
Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Уншиж байна |