Энэ оны нэгдүгээр сарын 8-наас эхлэн Улаанбаатарын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хүрээнд такси үйлчилгээнд шинэ зохицуулалт нэмсэн билээ. Тухайлбал 3-10 сая төгрөгийн хураамж төлсөн такси л үйлчилгээ эрхэлнэ. Хэрэв зөвшөөрөл авалгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг 5 сая, хуулийн этгээдийг 50 хүртэлх сая төгрөгөөр торгох юм. Энэ талаар хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг иргэдийн байр суурийг тодрууллаа.
Таксины жолоочид:
Иргэн М.Уянга: Миний хувьд таксинуудыг нэг өнгөтэй болгох хуулийн зохицуулалтыг эсэргүүцэж байна. Учир нь, би 2010 оны буруу талдаа рультай Приус-30 автомашинтай. Машинаа гурван жилийн хугацаатай зээлээр авахад 37 сая болгож төлж байгаа. Үүнийгээ эргүүлж зарах юм бол 12 сая хүрэх үү, үгүй юү. Тэгээд өрх толгойлсон эмэгтэй хүний хувьд хоёр охиноо унтуулчихаад шөнөжин таксинд явдаг. Сарын зээл маань сая гаруй мянган төгрөг. Хоёр гарч, хоёр амардаг ажил хийдэг ч цалин нийгмийн даатгалаа суутгаад зээлээ төлөөд яг таардаг. Хоёр хүүхдээ тэжээх, амьдралаа залгуулахад мөнгө хэрэгтэй учраас боломжит цагаараа таксинд явах шаардлага гардаг.
Иргэн Х.Баатарчулуун: Гурван сая төгрөгөөр таксины зөвшөөрөл авах хүн цөөхөн шүү дээ. Эдийн засаг хүнд, ард түмний амьдрал хэцүү үед 3-10 сая хүртэлх мөнгөн дүн хэтэрхий өндөр. Такси үйлчилгээгээр олон хүмүүс амьдралаа залгуулдаг. Яг өнөөгийн нийгэмд энэ нь цагаа олоогүй шийдвэр. Шинэ шийдвэр хэрэгжвэл такси олдохгүй, олон хүндрэл үүснэ. Такси үйлчилгээ нь хүүхдийг хичээлд хүргэх, авах, жуулчдад зориулсан тусгай такси, нисэх буудлын тусгай чиглэл, хот доторх бараа бүтээгдэхүүний хүргэлт гэх мэт бизнес төрөлжин хөгжих боломжтой" хэмээж байв.
Ажлын байр, амьжиргааны түвшинг л өөрчлөхгүй бол одоогоор халтуурыг зогсоох арга байхгүй хэмээн үзэх хүмүүс олон бий. Нийслэлд такси үйлчилгээний албан ёсны 10 компанийн 585 гаруй такси иргэдэд үйлчилдэг. Гэвч тэд үнийн хувьд хувийн таксинд явж байгаа хүмүүсээс хоёр дахин их байдаг тул иргэдийн хувьд хувийн таксигаар үйлчлүүлэхээс өөр аргагүйд хүрдэг. Иймд хувиараа такси үйлчилгээнд явдаг иргэдийн хувьд торгох, таксины зөвшөөрөл авах зэрэг нь цагаа олоогүй шийдвэр гэсэн байр суурьтай байсан юм.