Авто зам ашигласны төлбөрийг завшиж байж болзошгүй албан тушаалтнуудыг огцруулах шаардлага хүргүүлж Тээвэрчдийн гэргий нарын холбооноос мэдээлэл өглөө.
"Тээвэрчдийн гэргий нарын холбоо"-ны УЗ-ийн дарга Ж.Туул:
Би гурван хүүтэйгээ өнчрөн хоцорсон. Гашуунсухайтын авто замд 2018 оны байдлаар засвар хийгдээгүйн улмаас олон хүн амь эрсдэж байгааг биеэрээ харж байсан. Энэ асуудал одоо ч гэсэн хэвээр байна. Зам засвартай холбоотой асуудлыг хөндөхөөр хөрөнгө мөнгөний асуудалтай байгаа гэдэг зүйл үргэлж ярьдаг. 2018 онд нэр бүхий холбоод нэлээдгүй шаардлага тавиад тухайн үеийн Зам тээврийн дэд сайд Л.Халтар газар дээр нь ажиллаж засварлаж байсан удаатай. Тухайн замаар хүнд даацын ачаа тээврийн үйлчилгээг байнга үзүүлдэг учраас эвдрэл ихээр гарах нь ойлгомжтой. Манай холбооны зүгээс дахин зам засвараа хийхийг жилийн өмнөөс шаардаж эхэлсэн. Гэтэл олон нийтийн сүлжээгээр засвар шинэчлэл хийж байгаа гэх худал мэдээллүүд явдаг.
Энэ зам нь уул уурхайн бүтээгдэхүүний тэр дундаа нүүрсний тээврийн 80 хувийг тээвэрлэдэг зам. Уг зам дээр 20 мянган жолооч ажиллаж байна. Зөвхөн эдийн засгийн сэргэлт бус иргэдтэйгээ хамт сэргэдэг сэргэлтийг яримаар байна. Өмнө нь ямар байсан тэр чигээрээ арван жил байлаа.
Бидний зүгээс ЗТХЯ, сайдад тус замын асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүсэж хэвлэлийн хурал зарласан. Мэргэжлийн баг ажиллуулж, дүгнэлт гаргуулж түүнд тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлмээр байна. Хоёрдугаарт тус замын засварын ажлыг чанаржуулж тогтмол хийх шаардлагатай байна. Мөн Гашуун сухайт авто зам ХХК-ийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж байгаа гэдэг ч тэдгээр албан тушаалтнууд ажлаа үргэлжлүүлсээр байна" гэв.
Уншиж байна |