Франц улсын Ерөнхий сайд Элизабет Борн ажлаа хүлээж аваад хоёр жил ч хүрэлгүй огцорч буйгаа мэдэгдсэн. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг энэ оны сүүлээр болох Европын сонгуулийг холбогдуулан удирдах албан тушаалтнуудыг өөрчилж магадгүй гэсэн таамаг үүссэн. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд ажлаасаа огцрох шийдвэр гаргасан байх магадлалтай хэмээн үзэж байсан билээ.
Тэгвэл өчигдөр /2024.01.09/ Элизабет Борн огцорсон даруйд Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон тус улсын түүхэнд хамгийн залуу ерөнхий сайдыг томилжээ. Шинэ ерөнхий сайд Габриэл Атталь одоо 34 настай бөгөөд өмнө нь боловсролын сайдын албан тушаалыг хашиж байсан юм. Мөн түүний хувьд Францын түүхэнд хамгийн залуу мөн ижил хүйстэн гэдгээ нээлттэй зарласан Ерөнхий сайд юм.
1. Түүний гэр бүл
1989 онд Парист төрсөн Атталын эцэг эх нь хуульч, кино продюсер Ив Аттал, Мари де Курис нар байв. 2015 онд түүний аав нь нас барсан. Харин ээж нь Украины Одесса хотоос Франц руу цагаачилжээ. Аттал мөн гурван дүүтэй байна.
2. Боловсрол
Аттал Парисын нэр хүндтэй École Alsacienne нэртэй хувийн сургуульд сурсан. Дунд сургуулиа төгсөөд Парис-Пантеон-Ассасын их сургуульд орж хуулийн чиглэлээр суралцжээ. Дараа нь тэрбээр Шинжлэх ухаан По-д олон нийтийн харилцааны чиглэлээр аспирантурын зэрэг хамгаалсан байна.
3. Францын хамгийн залуу, анхны ижил хүйстэн Ерөнхий сайд
Тэрбээр өөрийгөө Францын түүхэнд хамгийн залуу мөн ижил хүйстэн гэдгээ нээлттэй зарласан Ерөнхий сайд юм. Атталын хамтрагч нь 38 настай хуульч, улс төрч аж. Хосууд 2015 оноос хойш хамтдаа байгаа гэнэ.
4. Албан тушаал
Габриэл Аттал 2017 онд Францын парламентын улс төрийн доод танхим болох Үндэсний ассамблейд байсан. Түүний анхны албан ёсны албан тушаал нь 2018 онд тус намын хэвлэлийн төлөөлөгч байжээ. Мөн хамгийн сүүлд боловсролын сайдын албан тушаалыг хашиж байсан юм.