Олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл 5-50 сая төгрөгөөр торгох тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Түүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг тайлбар хийжээ. Тэрбээр "Хувь хүмүүсийг хааж боосон зүйл огт байхгүй ээ. Такси үйлчилгээнд явж орлого олж байгаа бол тодорхой шаардлага, стандартыг биелүүлэх л ёстой. Таксинд суусан бүгд л мэднэ дээ. Таксины бохир заваан, мөнгө нэмж авдаг, таксины жолоочийн харилцаа хандлага, хамгийн ноцтой нь такси гэмт хэргийн үүр уурхай боллоо ... Үүнийг л цэгцлэх юм.
Хувиараа такси эрхлэгчид такси үйлчилгээ эрхлэгч компаниудтай нэгдээд явах бололцоог бид бүрдүүлнэ" гэжээ.
Такси үйлчилгээг 2024.10.15-наас эхлэн тусгай зөвшөөрөлтэй болгоно. Найман төрлийн шаардлагыг хангаж, 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөөд, такси үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авна.
Харин зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл Зөрчлийн хуулиар хувь хүнийг 5 сая, ААН-ийг 50 сая төгрөгөөр торгоно.
Сүүлийн таван жилийн хугацаанд такси үйлчилгээтэй холбоотой 3119 гэмт хэрэг гарсны 2940 нь нийслэлд бүртгэлтэй байна. Үүнээс 2636 гэмт хэрэгт таксины жолооч холбогдож гэмт хэрэг үйлдсэн учраас цэгцлэх шаардлагатай гэж үзжээ.
Уншиж байна |