Сүүлийн үед Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун олны өмнө охиноо дагуулан гарах нь нэмэгдэж, олон улсын шинжээчид үүнийг "Ким Жон Ун залгамжлагчаа бэлдэж, олонд таниулж байна" хэмээн үзэж байлаа. Ийм хувилбар байх магадлалтай гэж Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба ч үзэж байгаа талаар Ёнхап агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны захирлын албан тушаалд горилж буй Чо Тхэ Ён Парламентын сонсгол дээр мэдэгдэл хийхдээ гишүүдийн тавьсан хэд хэдэн асуултад хариулсан байна. "Ким Жон Уны охин Ким Жу Э олны өмнө гарч байгаа, түүнийг олон нийтийн арга хэмжээн дээр хүндэтгэж байгаа зэргээс харахад Ким Жу Э-г Хойд Солонгосын удирдагчийн залгамжлагчаар бэлтгэж байх магадлал өндөр" хэмээн тэрбээр мэдэгджээ.
Өмнөд Солонгосын тагнуулын алба Хойд Солонгосын удирдагчийн залгамжлагчтай холбоотой мэдэгдэл хийж байгаа анхны тохиолдол нь энэ юм. Өмнө нь Үндэсний тагнуулын алба Ким Жон Уныг хэн залгамжлах талаар таамаглал хэлэх нь эрт байна гэсэн байр суурийг илэрхийлдэг байв.
Ким Жон Уны охин Ким Жу Э 2013 онд төрсөн. Анх 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр олны өмнө гарч, Хвасон-17 тив алгасах баллистик пуужингийн туршилтад эцгийнхээ хамт оролцож байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |