Нэгдүгээр сарын хоёрны өдөр Токиогийн нисэх буудал дээр хоёр онгоц мөргөлдөж, улмаар зорчигч тээврийн онгоц шатсан харамсалтай хэрэг гарсан. Азаар тухайн үед онгоцонд байсан 379 зорчигчийг аюулгүй нүүлгэн шилжүүлж байлаа.
Үүний дараа олон нийтийн сүлжээгээр Японы онгоцноос хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байгаа бичлэг тархаж, энэ ажлыг шуурхай зохион байгуулж байгаа нь дэлхий нийтийг гайхшруулж байв. Зорчигчдыг амжилттай нүүлгэн шилжүүлсэн нь хөлгийн багийнхны дээд зэргийн бэлтгэл, зорчигчид биеэ зөв авч явж байсантай холбоотой гэж нисэхийн салбарын шинжээчид ВВС агентлагт ярьжээ.
Осол болсны дараа хөлгийн багийн гишүүдийн заавраар зорчигчид гар тээшээ орхин, шатаж буй онгоцны ослын хаалга руу очсон байна. Гар тээш авалгүй ослын хаалга руу шуурхай очих энэ дүрмийг биелүүлсэн нь онгоцны нийт 379 зорчигчийг осол эндэгдэлгүй нүүлгэн шилжүүлэх боломжийг олгосон гэж нисэхийн салбарын шинжээчид үзэж байгаа аж.
"Миний үзсэн бичлэгүүд дээр зорчигчдын хэн нь ч гар тээш аваагүй байсан. Зорчигчид гар тээшээ авч гарах гэж оролдсон бол туйлын аюултай нөхцөлийг үүсгэх байлаа. Учир нь энэ нь нүүлгэн шилжүүлэлтийг удаашруулна" гэж Гринвичийн их сургуулийн Галын аюулгүй байдлын бүлгийн захирал, профессор Эд Галеа өгүүлжээ.
Түүний өгүүлснээр, Токиогийн нисэх буудал дээр болсон ослын дараа зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх нөхцөл байдал амаргүй байсан гэнэ. Зорчигчдыг нүүлгэн шилжүүлэхэд ердөө гурван ширхэг хийлдэг зам ашиглах боломжтой байсан ч онгоцны байрлалын улмаас эдгээр замыг зохих ёсоор нь дэлгэх боломжгүй байжээ. Ингээд хийлдэг замыг өнцөг гарган өлгөсөн нь нүүлгэн шилжүүлэлтийг улам хүндрүүлсэн байна.
Түүнчлэн, Japan Airlines компанийн төлөөлөгчдийн мэдээлснээр, нүүлгэн шилжүүлэлтийн үед онгоцны мэдээлэх систем ажиллаагүй тул хөлгийн багийн гишүүд чанга яригач болон өөрсдөө чанга хашгирч зорчигчдод зааварчилгаа өгч байжээ.
Japan Airlines компанид бүхээгийн ажилтнаар ажиллаж байсан нэгэн эмэгтэй ВВС агентлагт нэрээ нууцлан мэдээлэл өгөхдөө 516 чиглэлийн зорчигчдыг аварсан нь туйлын аз завшаантай хэрэг байсан хэмээн өгүүлсэн байна. Ийм ослын үед зорчигчдыг айж сандрахаас сэргийлэхэд хүндрэлтэй байдаг хэмээн тэрбээр ярьжээ.
Гэхдээ тус компанийн ажилтнууд нислэгт гарахаасаа өмнө гурван долоо хоногийн туршид зорчигчдыг хэрхэн нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой сургалтад хамрагддаг байна. Ийм сургалтыг жил болгон зохион байгуулж, сургалтын төгсгөлд бүхээгийн ажилтнууд бичгээр шалгалт өгч, гал гарсан, усан дээр газардсан зэрэг гэнэтийн ослын үеэр зорчигчдыг шуурхай нүүлгэн шилжүүлэх дадлага хийдэг аж. Мөн одоо үйлчилж буй журмын дагуу аливаа гэнэтийн ослын үед онгоцны зорчигчдыг 90 секундийн дотор нүүлгэн шилжүүлэх ёстой байдаг гэнэ.
Эргэн сануулахад, Japan Airlines компанийн онгоц нэгдүгээр сарын хоёрны орон нутгийн цагаар 18:00 цагт Токиогийн Ханеда нисэх буудал дээр газардсан юм. Харин энэ үеэр газар хөдлөлтөд хохирсон хүмүүст тусламж хүргэх эргийн хамгаалалтын онгоц хөөрөх газардах зурвас дээр явж байгаад, хоёр онгоц мөргөлдсөний улмаас зорчигч тээврийн онгоц шатсан. Онгоц шатаж эхэлмэгц хөлгийн багийн гишүүд зорчигчдыг яаралтай нүүлгэн шилжүүлснээр, нэг ч хүний амь нас эрсдээгүй, ганцхан хүн хөнгөн гэмтэл авчээ.
Г.Бямбасүрэн