Ираны Керман хотын оршуулгын газрын ойролцоо нэгдүгээр сарын гуравны өдөр хоёр дэлбэрэлт болж, олон хүн амиа алджээ. Энэ талаарх мэдээллийг Tasnim дамжуулсан байна.
Тухайн үед Исламын хувьсгалын харуулуудын корпусын генерал Касем Сулейманигийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцохоор ирсэн хүмүүс цуваагаар явж байхад дэлбэрэлт болжээ. Сүүлийн үеийн мэдээллээр, хоёр дэлбэрэлтийн улмаас 103 хүн амиа алдаж, 211 хүн шархадсан байна. Шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн олонх нь биеийн байдал хүнд байгаа гэж эх сурвалж мэдээлжээ.
Эхний дэлбэрэлт генералын булшнаас 700 метр зайд, орон нутгийн цагаар 15:00 цагт болсон бол хоёр дахь дэлбэрэлт үүнээс 20 минутын дараа, хүмүүс олноор цугларсан оршуулгын газрын орох хэсэгт болсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр, хүмүүсийн явах замд цүнхэнд хийсэн хоёр дэлбэрэх төхөөрөмжийг алсын удирдлагаар удирдаж, дэлбэлжээ.
Ираны эрх баригчид энэ үйл явдлыг алан хядах ажиллагаа гэж нэрлэж байна. Ираны Дотоод хэргийн сайд Ахмад Вахди мэдэгдэл хийхдээ, энэ гэмт хэргийг үйлдсэн хүмүүс төлөөсөө хатуухан амсана хэмээн онцолсон бол Ерөнхийлөгч Эбрахим Раиси ч мөн гэм буруутнуудыг олж, шийтгэнэ гэж амлаад, нэгдүгээр сарын дөрөвний өдрийг Үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ.
Дурсгалыг нь хүндэтгэх үеэр олон хүн амиа алдсан Касем Сулеймани бол Ираны хамгийн нөлөө бүхий генералуудын нэг байлаа.
Касем Сулеймани 2020 оны нэгдүгээр сарын гуравны өдөр Америкийн пуужингийн цохилтын улмаас Багдадад амиа алдсан юм. Сулеймани хилийн чанадад Ираны ажиллагааг явуулах тусгай хэлтсийн командлагч байв.
Исламын харуулуудын корпустай холбоотой гэгддэг шиитийн бүлэглэлүүд Багдад дахь Америкийн Элчин сайдын яам руу халдах гэж оролдсоноос хэд хоногийн дараа АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч Дональд Трамп Сулейманиг хөнөөх тушаал өгсөн. Ингээд пуужингийн цохилт өгснөөр Сулеймани амиа алдсан юм.
Г.Бямбасүрэн