Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд байгаль орчинд ээлтэй байх үүднээс байгальд удаан хугацаанд задардаггүй гялгар уут, хуванцар материалыг хориглох шийдвэрүүдийг ар араасаа гаргасаар байгаа юм. Энэ удаад АНЭУ ийм шийдвэр гаргажээ.
Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Дубайд нэг удаагийн хэрэглээний гялгар уут сав ашиглах, худалдаалах, импортлохыг хориглосон байна. Энэ хориг шат дараатай хэрэгжих бөгөөд эхний шатанд гялгар уутыг хориглох аж. Хуванцар биш нэг удаагийн хэрэглээний бүтээгдэхүүнийг 2024 оны зургадугаар сарын нэгэн, харин 2025 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс соруул, нэг удаагийн аяга зэргийг худалдах, ашиглахыг хориглох юм байна.
Цаашлаад 2026 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хүнсний бүтээгдэхүүн савлах зориулалттай хуванцар сав, ундааны хуванцар аяга, тагийг худалдах, ашиглахыг хориглох аж. Харин боловсруулсан материалаар хийсэн уут, савыг хориглохгүй гэнэ. Өмнө нь Абу-Дабид энэ төрлийн хориг 2022 оны зургадугаар сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд гялгар уутны хаягдал 90 хувиар буурчээ.
Г.Бямбасүрэн