Нэгдүгээр сарын хоёрны үдэш Токиогийн Ханеда нисэх буудал дээр хоёр онгоц мөргөлдсөний улмаас зорчигч тээврийн онгоц бүрэн шатсан харамсалтай хэрэг гарсан. Энэ ослын улмаас таван хүн амиа алджээ.
Тодруулбал, Ханеда нисэх буудал дээр Japan Airlines компанийн зорчигч тээврийн онгоц эргийн хамгаалалтын онгоцтой мөргөлдсөний дараа шатсан талаар NHK агентлаг мэдээлж байв. Зорчигч тээврийн онгоц газардах үедээ ийнхүү мөргөлдөж шатсан бөгөөд онгоцонд зорчиж явсан бүх хүн болон хөлгийн багийн гишүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Харин энэ онгоцтой мөргөлдсөн эргийн хамгаалалтын онгоцны нэг гишүүн амьд гарч, таван хүн амиа алдсан байна. Эргийн хамгаалалтын онгоц тухайн үед газар хөдлөлтийн улмаас хохирсон нутаг руу хүнс хүргэхээр хөөрөх гэж байсан аж.
Токиогийн нисэх буудал дээр бүрэн шатсан зорчигч тээврийн онгоц нь 2021 онд үйлдвэрлэгдсэн Airbus A350 онгоц аж. Энэ онгоц Хоккайдо мужаас Токиод газардах үед осол болсон бөгөөд хэргийн дараа нисэх буудлын хөөрөх, газардах зурвасыг бүрэн хааж, нислэгүүдийг хойшлуулсан байна. Японы хэвлэлүүдийн мэдээлснээр, онгоц мөргөлдсөний дараа бүхээгийн ажилтнууд маш богино хугацаанд зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан аж. Бүхээгийн ажилтнуудыг бэлтгэхэд хичнээн их хөрөнгө зарцуулсан нь энэ ослоос харагдсан, тэд онгоц мөргөлдсөний дараа зорчигчдын аюулгүй байдалд дээр зэргээр анхаарч, хийлдэг тавцангаар хүмүүсийг яаралтай онгоцноос гарган, бүх зорчигч гарч дууссаны дараа өөрсдөө онгоцыг орхисон гэж ВВС агентлаг мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |