"ОСНААУГ-ын ажилчид цалингаа хоёр сая төгрөгт хүргэхийг шаардаж байна"
2023-12-27

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 500 гаруй ажилтан цалин хөлсөө нэмэгдүүлэх асуудлаар ажил олгогчдод шаардлага хүргүүлэх талаараа мэдээлэл хийлээ. 

 

Ажилчдын төлөөлөл


"Монгол Улсад нийтийн аж ахуйн салбар үүсээд 93 жил болж байна. Энэ салбарт өнөөдрийн байдлаар 11 400 хүн ажиллаж байна. Манай салбар жилийн жилд бусад салбарын хөдөлмөрийн үнэлэмжээс доогуур байдаг. Иймд бид үнэлэмжээ нэмэгдүүлэхийн төлөө Барилга хот байгуулалтын яам болон нийгмийн түншлэгч байгууллагуудтайгаа хамтын гэрээ хэлэлцээр байгуулан ажилладаг. 

 

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт 2000 гаруй ажилтан ажилладаг. Эдгээр ажилчдын 70 хувь нь мэргэжлийн инженер техникийн ажилчид байдаг. Гэтэл үүний 800 гаруй хүн нь 650 мянган төгрөгөөр цалинждаг. Эдгээр хүмүүсийн цалинг нэмэгдүүлэх хамтын гэрээ хэлэлцээр 2023.09.27 өдөр эхэлсэн. Энэ хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг манай салбарын ҮЭХ-с дэвшүүлж нийт 10 асуудлыг дэвшүүлсэн. 10 асуудлаас өнөөдрийн байдлаар таван асуудалд зөвшилцөлд хүрсэн. Харин цалин хөлс нэмэгдүүлэх дөрвөн асуудал зогсонги байдалд орчихсон байна. 


Энэ онд хөдөлмөрийн хөлс хоёр сая болсон хэмээн мэдээлсэн. Гэтэл бид дунджаас ч доогуур цалин авч ажиллаж байгаа минь амьдралд хаана ч хүрэхгүй байна. Мөн бид хүний нөөцийн хомсдолд орж байна. 

 

Иймд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай байгуулсан 2022-2024 оны хамтын гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт хэлэлцээр зогсонги байдалд орсон тул тус системийн байгууллагын ҮЭ-ийн гишүүд бид хөдөлмөрийн тухай хуулийн 25.01.02 заалтын хүрээнд хамтын маргаан үүсгэж шаардлагыг хүргүүлж байна.


Сүүлийн 33 жил энэ байгууллага жагсаал цулаан хийж байгаагүй. Бид аргагүй эрхэнд л олуулаа цугларч тайван жагсаж байна" гэсэн юм.  

Shuud.mn
Сонин хачин