Шинэ жил: Улс орнуудын шинэ жилийн уламжлал
2023-12-27

 

Шинэ жилийн баяр болоход цөөхөн хоног үлдлээ. Дэлхийн ихэнх улс оронд Шинэ оныг 12 дугаар сарын  31-нээс нэгдүгээр сарын нэгэнд шилжих шөнө тэмдэглэдэг. Айлчлан ирж буй хайр, аз жаргал, сайн сайхан бүхнийг авчраасай гэсэн хүсэлтэйгээр дэлхийн  ард түмнүүд төрөл бүрийн зан үйл үйлддэг аж. 

 

Манай улсад аргын болон билгийн тооллын шинэ жилүүдийн аль алийг нь хүндэтгэн улс даяараа тэмдэглэдэг боловч аргын тооллын шинэ жилийг шинэ жилийн баяр хэмээн нэрийддэг. Ихэнх улс орнууд шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэдэг болон он солигдох мөчид юу хийдэг уламжлалтай талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 

 

1. Монгол 

 

Шинэ он болохоос дунджаар 15 хоногийн өмнө шинэ жилийн сүлд модоо зассанаар шинэ жилийн уур амьсгал орж эхэлдэг. Айл өрхүүд шинэ жилээр гол төлөв хүүхэддээ зориулан сүлд мод засч бөмбөлгөн тоглоом, хүүхэлдэй, саа, гэрэл зэргээр чимэглэдэг бол албан байгууллагууд албан газрынхаа дотор эсвэл ойролцоо сүлд модоо засдаг. Мөн нийслэлийн захиргаанаас жил бүр Чингис хааны талбайд томоохон сүлд мод засдаг.

 

Айл өрхүүд 12 сарын 31-ний орой гэр бүлээрээ баярын ширээгээ тойрч суун хуучин оныхоо баяр хөөрөө ярьж шинэ ондоо амжилттай сайхан байхыг ерөөн он солигдох цагаар оргилуун дарс оргилуулан шинэ оноо угтдаг.

 

Шинэ жилийн баярын салшгүй нэгэн хэсэг нь цас мөсний орноос цан хүүргээ татуулан, цасан охидоо дагуулан ирж улирч буй ондоо сайн үйлс хийсэн хүүхэд багачуудад бэлэг өгдөг өвлийн өвгөн юм.

 

 

2. АНУ


Сая сая америкчууд зурагтныхаа эргэн тойронд эсвэл Таймс талбайн гудамжинд цугларч, жил бүр шөнө дундын үед цаасан бөмбөлөг тэсрэхийг хардаг аж. Энэхүү арга хэмжээ нь 1907 онд эхэлж, 1908 оны нэгдүгээр сард  Нью Йорк Таймс сонины эзэн Адольф Очс Таймс сонины шинэ төв байранд олны анхаарлыг татах зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулсан байдаг. Ингэснээр жил болгон уламжлал болгон тэмдэглэж эхэлжээ. Энэ өдөр Таймс талбайн эргэн тойронд олон төрлийн үзвэр үйлчилгээ, шинэ жилийн баярыг агуулсан бүхий л зүйлс байдаг гэнэ. 

 

3. Испани: 12 ширхэг усан үзэм идэх


Испаничууд шинэ жилээ цагийн зүү бүрийг бэлгэдэж 12 усан үзэм идэж эхэлдэг гэнэ. Las doce uvas de la suerte-ийн уламжлал нь 19-р зууны сүүлчээс эхэлсэн бөгөөд шинэ ондоо азтай, азтай байх боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ муу бүхнээс зайлсхийдэг хэмээн үздэг байна. Хэрэв та хэдхэн секундын дотор бүх усан үзэмийг идэж чадвал энэ нь үр дүнтэй байх болно, учир нь цагны зүү шөнө дунд болж дуусахад тэд алга болох ёстой.

 

4. Филиппин: 12 ширхэг бөөрөнхий жимсээр ширээгээ засах 


Филиппиний гэр бүлүүд шинэ жилийн үдэш алим, усан үзэм, чавга зэрэг 12 дугуй жимсээр ширээгээ засдаг уламжлалтай. Энэ нь зоосон мөнгө шиг хэлбэртэй байдаг тул хөгжил цэцэглэлтийг илэрхийлдэг гэж үздэг байна. Азын тооны хувьд жимс бүр нь жилийн нэг сарыг төлөөлдөг.

 

5. ХЯТАД УЛС

Эрт цагт Хятадад шинэ оныг угтах баяр сар гаруй хугацаанд үргэлжилдэг байжээ. Өвлийн улиралд хөдөө аж ахуйн ажил бага тул ийнхүү урт үргэлжилдэг байсан гэнэ. Харин өдгөө орчин үеийн амьдралын хэв маягт зохицон баярыг 10 орчим хоног үргэлжилдэг болжээ. 


Хятадууд шинэ оны эхний өдрийн урд шөнө унтаж болохгүй гэж үздэг. Учир нь чухамхүү энэ өдөр бүхий л гай зовлон, азгүйтэл дайрахаар бэлдэж байдаг гэж үздэг бөгөөд үүнээс хамгаалахын тулд шинэ оны өмнөх өдөр унтдаггүй байна. 

 

 

6. НЬЮ ЙОРК ХОТ

 

12-р сарын 31-нд Нью Йорк хотын ихэнх хүмүүс Таймс-Сквер (Times Square) цуглан хөгжилдөж яг 23:59 цагт Таймс-Скверын дээвэр дээрээс болор бөмбөлөг унагаадаг гэнэ. Болор бөмбөлөгний газарт буух хугацаа 60 секунд нэг минут юм. Мөн тэд гэрийнхээ хойд талын хаалгыг онгойлгож хуучин ондоо "Баяртай" гэж хэлэн үдэж, урд талын хаалгаа онгойлгож шинэ ондоо "Сайн уу?" гэж хэлэн угтаж авдаг ажээ.

 

7. ЭНЭТХЭГ УЛС

 

Хамгийн олон соёл, иргэншил холилдсон Энэтхэг оронд шинэ жилийн баярыг янз бүрээр тэмдэглэдэг. Тэд шинэ жилийн баярыг жилд дөрвөөс илүү удаа тэмдэглэн өнгөрүүлдэг учир дэлхий дээрх хамгийн олон он тоололтой улсад тооцогддог гэнэ. Газар нутгийн байршлаасаа болж өөр өөр цагт хийдэг байна.

 

8. БРАЗИЛ УЛС

Бразил улс шинэ оныг арай өөрөөр тэмдэглэдэг. Тэд баярын орой далайн бурхандаа мөргөж өөрийн үнэт зүйл, амттан, бэлэг дурсгалын зүйлүүдийг өргөл болгож өргөдөг. Жижиг завиар далайд гарч, шинэ ондоо хүсэх сэтгэлийн үгсээ шивнэн чин сэтгэлээсээ мөргөлийн ёслол үйлддэг байна.

 

 

9. ИТАЛИ УЛС

Италид шинэ жил нэгдүгээр сарын 6-ны өдөр эхэлдэг. Италичуудын дунд энэ шөнө сайхан сэтгэлт Бефана гэх шидэт дохиуртай дагина нисэн ирж, хүүхдүүд унтаж байгаа өрөөнд алтан түлхүүрээр нээн орж, ханын зууханд өлгөөтэй хүүхдийн оймсыг бэлгээр дүүргэдэг гэх домог бий. Харин тэр жилдээ муу сурч үймүүлсэн хүүхдэд Бефана чимх үнс, нүүрс үлдээдэг гэнэ.

 

 

10. ИРАН УЛС

Иран улс шинэ жилээ гуравдугаар сарын 22-нд тэмдэглэдэг. Энэ баяраар дэлхийн өнцөг булан бүрт амьдран суудаг Ислам шашинтнууд халуун ам бүлээрээ цугларч, шинэ оноо угтдаг. Персийн шинэ жил болохоос нэг долоо хоногийн өмнө нийслэл Тегеран хотод  Ираны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хамтлаг, дуучид, хөгжимчид болон бүжигчид оролцсон томоохон хэмжээний фестифаль зохион байгуулдаг билээ. 

 

 

11. ЯПОН УЛС

Японы цагаан сар нь жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд тохиодог. 12 дугаар сарын 31-нд сүм хийд рүүгээ очиж дараа жилийн ажлаа даатгаж мөргөл үйлддэг. Тэгээд орой нь тошикоши соба буюу урт соба гоймон чанаж идэж өнгөрөөдөг. Соба гоймон иддэг нь урт наслахыг бэлгэддэг гэж үздэг юм байна. Нэгдүгээр сарын 1-нд зарим Япон хүмүүс тухайн жилийнхээ эхний нарыг харахаар явдаг нь ч байдаг. Мөн гэр бүл ах дүү нараараа цуглаж цагаан сараар иддэг сүши гэх мэт үндэсний хоолоо идэж өнгөрөөдөг.

 

12. Грек- Хаалганы гадна сонгино өлгөх


Сонгино нь гал тогооны гол бүтээгдэхүүн төдийгүй ирэх жил танд аз авчрах болно хэмээн үздэг байна. Жил бүрийн шинэ жилийн баярын өдрөөр Грект хаалганыхаа гадаа сонгино өлгөдөг уламжлалтай. Үржил шим, өсөлтийг бэлэгддэг гэж тэд үздэг байна. 

Shuud.mn
Сонин хачин