Сурвалжилга: Цэцэрлэгийн хүүхдүүдийн 60 гаруй хувь нь гэртээ байна
2023-12-26

Цаг агаарын нөхцөл байдал, хэт хүйтрэл, томуу, томуу төст өвчний улмаас ЕБС-ийн сурагчдын хичээлийг цахимаар оруулах тушаалыг БШУ-ын сайд өчигдөр гаргасан билээ. Эл тушаалаар бага, дунд ахлах ангийнхан цахимаар хичээллэж эхэлсэн билээ. Харин цэцэрлэгийн тухайд эцэг эхчүүд өөрсдийн саналаар хүүхдийг явуулах эсэхээ шийдэж байгаа. 


Уг асуудлаар бид БЗД-ийн 16-р хорооны 53 дугаар цэцэрлэгт хүүхдүүдийн ирц болон бусад зүйлийн талаар тодруулахаар зорилоо. Өглөөний 07:40 цагийн үед бэлтгэл, ахлах, бага ангиудад 1-2 хүүхэд л сууж байв. Тус цэцэрлэгийн багш М.Насангаас хүүхдүүдийн ирц мэдээллийн асуув. 

 

53 дугаар цэцэрлэгийн багш М.Насан


Манай ахлах анги 40 хүүхэдтэй. Үүний 40 гаруй хувь нь л ирж байгаа. Ер нь манай анги гэлтгүй бүх л ангийн дүүргэлт 40-50 хувьтай л байна. Ямар нэгэн ханиад томууны шинж тэмдэг илэрвэл цэцэрлэгтээ ирэхгүйгээр гэрээр эмчилгээ хийлгэж, эмнэлгээр үйлчлүүлж акт авчирч өгөөд явж байна даа. Манай хүүхдүүдийн зарим ханиадаа хүндрүүлээд чихнээс нь идээ гарах, шууд хатгалгаа болох тохиолдол их гарч байгаа. Тиймээс ямар нэгэн ханиадны шинж тэмдэгтэй хүүхдийг хүлээн авахгүй байгаа. Бусад хүүхдүүдээ хамгаалахын тулд шүү дээ. Тэрнээс биш ачааллаа бодоогүй. 

 

Харин 16 дугаар хорооны өрхийн эмч С.Халиун

 

"Өвлийн улиралд агаарын бохирдол нэмэгдэж ханиад улам хүндрүүлэх хүчин зүйл болдог. Тиймээс хүүхдүүдээ агаарт гаргах, өдөрт амны халбагаар витамин С-г тогтмол уулгах, шим тэжээлтэй хоол хийж өгөх дархлааг нь маш сайн дэмжих хэрэгтэй. Өмнө жилүүдийг бодоход иргэд томуугийн вакцинд идэвхтэй хамрагдаж байх шиг байна. Вакцин хийлгэчихлээ гээд томуу төст өвчин тусахгүй гэсэн үг биш. Гэхдээ хөнгөн тусаж, эдгэрэхдээ хурдан.

 

Манай эмнэлэгт өдөрт 200 гаруй хүүхэд үзүүлдгээс 90-100 хүүхэд томуугийн вирусээр өвдсөн байна.  

 

Хүүхдүүд нус гоожих, өндөр халуурах шинж тэмдэгтэй ирж байна. Зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ үл хайхарч эмчид үзүүлээд бичиж өгсөн эмийг нь авч өгөхгүй, нимгэн хувцаслаж дааруулах асуудлууд байдаг. Мөн цэцэрлэгийн насны хүүхдүүд ханиад хүрч халдварлах үед нь чөлөө авч, бусад хүүхдүүдээ халдаахгүй байх боломжтой. Энэ тал дээр бас анхаарах хэрэгтэй” гэсэн юм. 

Shuud.mn
Сонин хачин