Нетаньяху: ХАМАС-ын гишүүд бууж өгөх ёстой, эс тэгвэл амиа алдана
2023-12-22

ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израил руу халдаж, олон хүний аминд хүрч, барьцаалсны хариуд Израил ХАМАС-т дайн зарлаж, Газын зурваст цохилт өгч эхэлсэн юм. Энэ дайны эхний өдрөөс л Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийг бүрэн устгах хүртэл байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж байлаа. Ийм байр сууриа өөрчлөөгүй гэж Нетаньяху мэдэгдсэнийг Ройтерс дамжуулсан байна. 

 

"Бид ялах хүртлээ тулалдана. ХАМАС-ыг устгах, олзны хүмүүсийг бүрэн чөлөөлөх хүртэл бид дайныг зогсоохгүй" гэж Нетаньяху ард түмэндээ хандсан мэдэгдэлдээ онцолсон байна.

 

Түүнчлэн ХАМАС-ын гишүүд бууж өгөх эсвэл амиа алдах гэсэн сонголтын өмнө байгаа, Израил өөр сонголт өгөхгүй гэж Нетаньяху мэдэгджээ. 

 

"ХАМАС-т санал болгож буй миний санал бол маш энгийн. Бууж өгөх эсвэл үхэх. Бид ХАМАС-ыг устгасны дараа Газын зурвас цаашид хэзээ ч Израилд аюул заналхийлэх боломжгүй болно гэдгийг баталгаажуулахын тулд би бүхий л эрх мэдлээ ашиглана" хэмээн Нетаньяху мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, Израил, ХАМАС-ын дайн 2023 оны 10 дугаар сарын долооны өдрөөс хойш үргэлжилж байгаа юм. Израилын талаас энэ дайнд 1,4 мянган хүн амиа алдсан бол Палестинд амиа алдсан хүний тоо 20 мянгыг давжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин