Чехийн Прага хотноо байх Карловын их сургуульд зэвсэгт этгээд халдлага үйлдсэний улмаас олон хүн амиа алдаж, шархадсан талаар Чехийн шуурхай албадаас авсан эх сурвалжтайгаар ВВС агентлаг дамжуулжээ.
Тодруулбал, Карлов их сургуулийн нэгэн байранд зэвсэгт этгээд халдаж, 14 хүнийг хөнөөж, өөрөө амиа алдсан байна. Энэ хэргийн улмаас 25 хүн шархадсаны есөн хүний биеийн байдал хүнд, тав нь дунд зэрэг, 10 хүн хөнгөн бэртсэн гэж Чехийн шуурхай албад мэдээлжээ.
Чехийн цагдаагийн газар хэрэг үйлдсэн этгээдийг "устгасан" гэж мэдээлж байсан бол Прага хотын дарга Богуслов Свобода радиод өгсөн мэдээлэлдээ "гал нээсэн этгээд үсрээд, амиа алдсан" хэмээж байв.
Хэрэг үйлдсэн этгээд нь Карлов их сургуулийн оюутан байсан бөгөөд түүний цогцосыг сургуулийн байрнаас холгүйхэн олжээ. Тэрээр 24 настай, Прагаас 21 км зайд орших хотод амьдардаг байсан аж. Оюутан халдлага үйлдэх болсны сэдлийн талаар тодорхойгүй, гэхдээ олон улсын терроризмтэй холбоогүй гэж цагдаагийнхан үзэж байгаа бөгөөд хэрэг үйлдсэн этгээд дэлхийн бусад орнуудад гарсан энэ төрлийн хэргээс сэдэл авсан байж болзошгүй гэж мөрдөн байцаагчид таамаглаж байгаа юм байна.
Хэргийн гэрч болсон, их сургуулийн багш Сергей Медведев болсон хэргийн талаар Фейсбүүк хуудсандаа бичжээ.
"Итгэхийн ч аргагүй, гэхдээ нам жим Прага хотод бид суманд өртлөө. Барилгад буун дуу хадаж, цонхны шил чичирхийлэх үед би лекц уншиж байсан юм. Удалгүй хүмүүс хашгирч, ангид тусгайгийнхан орж ирсэн. Оюутнуудтайгаа хамт ангидаа нуугдахаас аргагүй болсон" гэж их сургуулийн багш бичжээ.
Гэмт хэргийг үйлдсэн этгээд нь "Давид К", 24 настай гэж Чехийн хэвлэлүүд мэдээлсэн байна. "Давид К" сурлага сайтайгаараа бусдаасаа ялгардаг байсан, түүнтэй ижил нэртэй хүн 1846 оны хувьсгалын тухай судалгааны ажил бичиж Польшийн хүрээлэнгийн шагнал хүртэж байсан гэж Чехийн радио мэдээлжээ. Тэрээр зэвсэг эзэмших зөвшөөрөлтэй, олон тооны зэвсэг цуглуулсан байсан гэж цагдаагийнхан мэдээлсэн байна. Давид хэрэг үйлдсэн сургуулийн байрнаасаа өөр байранд лекцэнд суух ёстой байсан гэнэ.
Хэрэг гарахаас өмнөхөн Давид цагдаагийн газар руу утсаар ярьж, амиа хорлоно гэжээ. Цагдаагийнхан утсаар ярьсан газрын байршлыг тогтоон очиход Давидын ярьсан байрнаас эрэгтэй хүний цогцос олсон байна. Амиа алдсан эрэгтэй нь Давидын эцэг гэдэг нь тогтоогджээ. Давид Карлов сургуульд лекцэнд суух ёстой байсан тул цагдаагийнхан лекц болох байр руу очсон ч хэрэгтнийг олоогүй аж. Үүнээс цагийн дараа халдлагын тухай мэдээлэл хүлээн авчээ.
Хэрэг гарсны дараа цагдаагийнхан их сургуулийн байр байрлах дүүргийг бүхэлд нь бүслэж, иргэдийг аюултай бүс рүү ойртохыг хориглосон байна. Карлов их сургууль нь Чехийн хамгийн том, гол их сургуульд тооцогддог бөгөөд 1348 онд IV Карл хаан үүсгэн байгуулсан энэ сургуульд 50 мянга гаруй оюутан суралцдаг юм байна.
Энд дуулгахад, Чехэд галт зэвсэг ашиглан бусдын амь насанд халдах хэрэг тун цөөн гардаг. Пүрэв гарагт гарсан дээрх халдлага Чехийн сүүлийн 30 жилийн түүхэн дэх хамгийн их цус урсгасан халдлага болж байна. Өмнө нь хамгийн олон хүний аминд хүрсэн хэрэг 2019 онд гарч байлаа. Тухайн үед 42 настай эр Острава хотын эмнэлэгт зургаан хүнийг буудаж, дараа нь амиа хорлосон юм. Үүнээс дөрвөн жилийн өмнө, 2015 онд нэгэн эр зоогийн газарт найман хүнийг буудаж, хүнд шархдуулаад дараа нь амиа хорлосон хэрэг гарч байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |