Хойд Солонгос энэ сарын 18-ны өдөр тив алгасагч баллистик пуужин хөөргөсөн бөгөөд энэ пуужин АНУ хүрэхүйц зайг туулах чадвартай байсан юм. Үүний дараа 12 дугаар сарын 20-ны өдөр Япон, Өмнөд Солонгос, АНУ хамтран Америкийн стратегийн бөмбөгдөгч онгоц оролцуулан агаарын цэргийн сургуулилалт хийж, үүнийгээ Хойд Солонгос пуужин хөөргөсний хариу хэмээн мэдэгдэж байв. Харин энэ сургуулилалтыг Ким Жон Ун өдөөн хатгалга хэмээн хүлээж авчээ.
Тодруулбал, "дайсан цөмийн зэвсгээр өдөөн хатгавал" БНАСАУ эргэлзэлгүйгээр хариу цөмийн цохилт өгөхөд бэлэн гэж Ким Жон Ун мэдэгдсэн байна. Энэ бэлэн байдлыг энэ долоо хоногт хөөргөсөн тив алгасагч баллистик пуужин батлан харуулсан гэж тэрбээр мэдэгдсэнийг Солонгосын цахим мэдээллийн агентлаг дамжуулжээ.
БНАСАУ 12 дугаар сарын 18-нд шилжих шөнө "Хвасон-18" тив алгасагч баллистик пуужин хөөргөсөн юм. Энэ нь АНУ алдаатай шийдвэр гаргавал Хойд Солонгос хариу үйлдэл хийх бэлэн байдлыг харуулж байгаа гэж Ким Жон Ун мэдэгдэж байлаа. Японы талын мэдээлснээр, Хойд Солонгосын пуужин Япон тэнгист унасан бөгөөд пуужинг өөр чиглэлээр хөөргөсөн бол АНУ-ын аль ч цэгт хүрэх чадвартай аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |