Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ жилийн үр дүнгээр хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ. Энэ үеэр тэрбээр Украинд дайчилгааны цар хүрээ нэмэгдэхээр болсон зэрэг цаг үеийн асуудлуудын талаар мэдээлэл өгсөн байна. Зеленскийн хэвлэлийн хурлын тоймыг ВВС агентлаг, РБК Украина болон Украины бусад хэвлэлүүдээс авсан эх сурвалжтайгаар хүргэе.
Дайчилгаа
Украинд дайчилгааны асудал хурцаар тавигдаж байгаа, цаашид нутаг дэвсгэрээ хамгаалах, сөрөх давшилт хийхийн тулд 450-500 мянган хүн шаардлагатай байгаа гэж Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный болон Ерөнхий штаб үзэж байгаа талаар Зеленский мэдэгджээ.
"Энэ бол том тоо. Ийм тооны хүнийг дайчлах асуудлыг дэмжихийн тулд надад илүү олон үндэслэл шаардлага хэрэгтэй, учир нь энэ чинь хүмүүсийн тухай асуудал яригдаж байна шүү дээ. Хоёрдугаарт, энэ бол шударга ёс, батлан хамгаалах чадвар, санхүүгийн асуудал юм. Хүмүүсийн тухайд гэвэл тодруулах хэрэгтэй" хэмээн Зеленский мэдэгджээ.
Үүний зэрэгцээ, фронт руу нэмэлт хүч дайчлахын тулд 500 тэрбум гривна шаардлагатай гэж Зеленский онцолжээ. Үүний зэрэгцээ Зэвсэгт хүчний эгнээнд эмэгтэйчүүдийг татах тухай тусгасан дайчилгааны хуульд гарын үсэг зурах бодолгүй байгаа, гэхдээ 25-аас дээш насны украинчуудыг дайчлах заалтыг тодорхой нөхцөлтэйгээр дэмжих боломжтой гэж мэдэгджээ.
Эмэгтэйчүүдийг дайчлах хуулийн тухайд, Украинд нутаг дэвсгэрээ хамгаалахад фронт дээр нэмэлт хүч шаардлагатай байгаа тул Украины хууль тогтоогчид дайчилгааны тухай шинэ хуулийн төсөл боловсруулсан бөгөөд фронт дээр цэргүүд төдийгүй тогооч, эмч, сэтгэлзүйч гээд эмэгтэйчүүд шаардлагатай байгааг төсөл боловсруулагчид онцолж байв.
"Орос ямар ч ялалт байгуулаагүй"
Зеленский хэвлэлийн бага хурлын үеэр "Орос ямар ч ялалт байгуулаагүй " гэж мэдэгджээ. ВВС агентлагийн сэтгүүлч Украин энэ дайнд ялагдах эсэх талаар асуухад "Үгүй" хэмээн хариулсан байна.
Түүний өгүүлснээр, 2022 онд Украины нутаг дэвсгэрийн томоохон хэсэг эзлэгдсэн байх үед хүнд байсан, гэхдээ Украин бүслэлтийг сэтлэж чадсан гэнэ. Мөн ялалтын үнэ цэн асар их, сум, танк эсэргүүцэх зэвсэг хүрэлцэхгүй байгаа зэрэг олон хүндрэлүүд гарч байгааг Зеленский онцолжээ.
"Дайн, ялалт, эдийн засгийн нөхцөл байдал зэрэг нь олон шийдэл, олон чиглэлээс, гэхдээ ихэнх нь та биднээс хамаарна. Бид хатан зоригоо алдахгүй бол энэ дайныг эрт дуусгана" хэмээн Зеленский мэдэгджээ.
Түүнчлэн, Оросын эрх баригчид дайн эхлүүлэхдээ Украиныг маш хурдан ялчихна гэж байсан ч тэдний таамаг биелээгүй талаар Зеленский мэдэгдсэн байна.
"Тэд зорилгодоо хүрээгүй, тиймээс ялагдлын талаар ярих хэрэггүй. Орос ямар ч ялалтад хүрээгүй. Юун хоёр гурван өдөр байх вэ, хоёр жил болчхоод байна" хэмээн Зеленский мэдэгджээ. Энд дуулгахад, ОХУ анх Украин руу халдахдаа хэдхэн өдрийн дотор Украиныг буулгаж авна гэж тооцоолж байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн онд гарч байсан юм.
Түүнчлэн Украиныг НАТО-д элсэхийг уриагүй хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Мөн барууны холбоотнуудтай хийх аюулгүй байдлын баталгааны тухай хоёр талт гэрээнд гарын үсэг зурах тухай барууны орнуудтай хийж буй хэлэлцээр санаснаас удаашралтай байгаа талаар Зеленский онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |