Энэ хотын иргэд эцэстээ түгжрэх ч эрхгүй боллоо. Манай дарга Х.Нямбаатар давс мэт шорвог шийдвэрээ хэрэгжүүлж, хөхөө өвлийн хүйтнээр дугаарын хязгаарлалт хийж, иргэдийн хөл зулгуулах унааг зогсоолоо. Ядаж бид дулаан түгжирдэг байсан юмсан.
Автобус хангалттай бол хамаа алга, бид түгжрэл үүсгээд байгаа унаагаа тавиад нийтийн тээвэрт сууя. Гэхдээ тэр автобус чинь хаана байна вэ. Буудал дээр багшралдаж, 30, 40 минут автобус хүлээн даарч зогсоо иргэд таны нүдэнд харагддаггүй хэрэг үү, Х.Нямбаатар аа? Дугаарын хязгаарлалт хийснээр буудал дээр бээрч зогсох хүмүүсийн тоо хэд дахин нэмэгдлээ. Харин автобусны чинь тоо нэмэгдсэн үү гэж асуун, бухимдах иргэдийг тайвшруулах аргаа олж ядсан Х.Нямбаатар шилний цаанаас чихэр долоолгож байна.
Тэрбээн өнөөдөр өглөө цахим хуудсандаа "Үйлдвэрээс шинэ автобуснууд маань эхнээсээ бэлэн болж байгаа мэдээ ирлээ" хэмээн бичжээ. Эхний автобусууд 12 дугаар сарын сарын 29-нд ирэх гэнэ. Гэхдээ хэзээнээс нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл хэзээг хүртэл иргэд даарч бээрч, автобус хүлээхийг хэн ч хэлсэнгүй. Зургаар, гоё сайхан үгээр иргэдийг тайвшруулах гэж оролдож болно. Гэхдээ иргэдийн бухимдал хэзээ мөдгүй тэсрэхэд бэлэн байгааг бас тооцож үзнэ биз.
Иргэдийн машиныг зогсоож, автобусны буудал дээр бээрүүлж байгаад шинэ автобус явуулах нөхцөлөө бүрдүүлэх гэнэ. Түүнийхээр бол ажил хийхэд нь иргэд ихээхэн гай болоод байгаа бололтой. Ямар сайндаа л иргэдийг бядгүй масс хэмээн хочилж, даажигнаж байхав.
Хэн байснаа мартах хэрэггүй гэсэн чухал үг бий. Хэний санал, дэмжлэгээр энэ хэмжээнд хүрчихээд хэнд ихэрхээд байгааг нь сануулах цаг мөдхөн ирнэ. Сонгууль хаяанд байна. Өнгөрсөн он жилүүдийн үйл явдлуудыг байг гэхэд өвлийн хүйтнээр шатахуунаар хязгаарлаж, хөл дүүжлэх унаа зогсоож, даарч бээрэхийн зовлон үзүүлж байгааг нь иргэд мартахгүй. Эрх баригчдын ихэрхүү занд дүн тавих өдөр мөдхөн ирнэ.
Б.Хэрлэн