Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас нийслэлийн угсармал барилгад дулааны тоолуур суурилуулах, түүний мэдээлэл цуглуулах программ хангамж, дагалдах тоног төхөөрөмж нийлүүлэх тендер зарлажээ. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн буцалтгүй тусламжийн 2.4 тэрбум төгрөгөөр нийт 149 тоолуур болон мэдээлэл цуглуулах программ хангамж авахаар тендерийн материалд дурдсан байна.
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгээр Улаанбаатар хотын угсармал орон сууцуудыг дулаалах төсөл хэрэгжиж буй. Угсармал орон сууцуудын дулаан алдагдлыг бууруулах дулаалга, их засвар хийж, эрчим хүч хэмнэх ажлыг гүйцэтгэх уг төсөл 2027 он хүртэл таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Энэ төслийн хүрээнд дулааны тоолуур авахаар тендер зарласан байна.
Улаанбаатар хотод 2000 оноос өмнө барьсан, дулаан алдагдал өндөртэй угсармал орон сууцны 1 077 блок барилга байдаг. Насжилт өндөртэй, хуучирсан барилгыг нурааж, шинээр барихад дунджаар 7 тэрбум төгрөг шаардлагатай бол их засварын зардал 600 сая төгрөг байдаг аж. Тиймээс олон улсын байгууллагын санхүүжилтээр дулаан алдагдлыг бууруулах дулаалга, их засвар хийж байна.
Уншиж байна |