Томуу, томуу төст өвчний шалтгаанаар 2 345 хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна
2023-12-12

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа “Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд идэвхжилийн буюу шар түвшинд байна.

 

 

Манай улсад энэ жил томуугийн идэвхжил 10 дугаар сарын эхэн үеэс эхэлсэн. 48 дугаар долоо хоногий байдлаар Монгол Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгчдийн 5.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй, эмнэлэгт хэвтэгсдийн 22 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.

 

Улсын хэмжээнд томуугийн идэвхжилийн шар түвшинд байгаа ч Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий аймагт дараагийн улбар шар түвшинд байна.

 

Мөн ковидын вирус эргэлтэд байсаар байна. Томуугийн А хүрээний H3N2 вирусийн тархалт өвчлөл үүсгэсэн хэвээр байна.

 

БНХАУ, БНСУ зэрэг улсад манай оронд бүртгэгдэж байгаа вирус бүртгэгдэж байна” гэсэн мэдээллийг өгч, томуугийн идэвхжил 2024 оны 01 дүгээр сарыг дуустал идэвхжил өндөр байх тул дотоод орчинд амны хаалт зүүхийг зөвлөлөө.

 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын хэлтсийн дарга М.Оюунчимэг “ЭМЯ-наас 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хариу арга хэмжээний шуурхай багуудыг байгуулан, ажиллаж байна.

 

 

Нийслэлийн 15 эмнэлэгт хүүхдийн 2126 орыг дэлгэсэн. ЭМЯ харьяа байгууллагууддаа 751 ор, ХЗДХЯ, БХЯ-тай зөвшилцөж 120 гаруй орыг харьяа эмнэлгүүдээс нь татаж, нийслэлийн хэмжээнд 1255 орыг дэлгээд байна.

 

Өнөөдөр буюу 2023.12.12-ны өдрийн байдлаар томуу, томуу төст өвчний шалтгаанаар 2 345 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт 70 гаруй хүүхэд эмчилгээ авч байна. Эмнэлгийн яаралтай тусламжаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 20-40 хувь нь хэвтэн эмчлүүлж байна" гэсэн мэдээллийг өгөв.

 

Shuud.mn
Сонин хачин