Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ
2023-12-07

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр салбарын яамд, сургалтын байгууллага, мэргэжлийн холбоодын дунд хэлэлцүүлэг 2023 оны 12 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулагдлаа. Нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд чухал хувь нэмэр оруулдаг салбар болох Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагад 2022-2023 оны хичээлийн жилд нийт 38.294 суралцагч сурч байна. МБСБ-ын суралцагсдад хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажлын байрны шаардлагад нийцсэн мэдлэг, ур чадварыг олгож, улмаар хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд боловсролын чанар нэн чухал ач холбогдолтой. 

 

Энэ чиглэлээр Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд БШУЯ, ХНХЯ-тай хамтран Техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагын олгож буй 10 салбарын 300 гаруй мэргэжлийн чиглэл, индексийг Боловсролын Олон Улсын Стандарт ангиллын дагуу боловсруулж, салбарын мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүллээ. 

 

Техникийн болон мэргэжлийн боловсролыг олон улсын түвшинд нийцүүлэн, сургалтын хөтөлбөрүүдийг индексжүүлэх нь суралцагсад албан бус сургалт болон амьдралын туршлагаар эзэмшсэн мэдлэг, ур чадвараа үнэлүүлж, баталгаажуулах, дэлхийн аль ч оронд мэдлэг, ур чадвараа адил түвшинд хүлээн зөвшөөрүүлж, дараачийн шатанд үргэлжлүүлэн суралцах; ажил олгогчид тэдний ур чадвар, туршлагыг нэг ойлголттойгоор үнэлж, хүлээн зөвшөөрөх зэрэг олон боломж, нөхцөл бүрдэх юм. Харин боловсролын байгууллагын хувьд суралцагчийн хэрэгцээнд нийцүүлэн чадамжийн нэгжүүдийг багцалж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чадамжийн гэрчилгээ олгох, багш нараа тасралтгүй хөгжүүлэх зэрэг боломжууд бий болж байгаа юм.   

Shuud.mn
Сонин хачин