Германы оршин суугч зул сарын баярт зориулан гэртээ 555 гацуур зассанаар энэ төрлийн дээд амжилт тогтоожээ. Энэ талаарх мэдээллийг Евроньюс агентлаг дамжуулсан байна.
Тодруулбал, Германы хойд хэсэгт байх Ринтельно хотын оршин суугч 57 настай Томас Йеромин болон түүний эхнэр Сюзанна нар 180 кв.м талбайтай гэртээ 555 гацуурыг зул сард зориулан засжээ. Тэд гацуураа чимэглэхэд 108 000 чимэглэл, 48 000 гэрлэн чимэглэл ашигласан байна.
Томасын гэрийн зочны өрөөнд гэхэд л 89 гацуур засжээ. Бусад гацуурыг унтлагын өрөө, хонгилын хэсэг тэр бүү хэл угаалгын өрөөндөө ч байрлуулсан байна. Ийнхүү зассан гацуурынхаа тоогоор тэд дээд амжилт тогтоосныг Германы дээд амжилтын хүрээлэн албан ёсоор бүртгэжээ.
Гэр бүлийн хоёр олон гацуур засахдаа эрчим хүч хэмнэхээ ч мартсангүй. Тэд эрчим хүчний зардал багатай тусгай гэрлэн диодын гацуур чимэглэхдээ ашиглажээ. Тэд гацуураа нэгдүгээр сарын зургааны өдөр буулгах бөгөөд харин одоогоор Томасын гэр жуулчдын зорин очдог газруудын нэг болсон аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |