Италийн шүүх дэлгүүр рүү нь халдсан хоёр дээрэмчнийг хөнөөсөн 68 настай Марио Рожеро гэх эрд 17 жилийн ял оноожээ. Энэ талаар The Mirror мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, яллагч тал үнэт эдлэлийн дэлгүүрийн эзэнд 14 жил ял оноох хүсэлт гаргаж, харин Марио Рожерогийн өмгөөлөгч түүнийг аргагүй хамгаалалт хийсэн гэж зөвтгөхийг оролдсон ч шүүх түүнийг бусдын амийг хөнөөснөөс гадна хууль бусаар зэвсэг хадгалсан хэмээн буруутгажээ.
Мөн амиа алдсан дээрэмчдийн ар гэрт 460 мянган еврогийн нөхөн төлбөр олгох шийдвэр гарсан байна.
Дэлгүүрийг нь дээрэмдэхийг завдсан этгээдүүдийг зогсоох гэсэндээ буудаж, улмаар амь насанд нь хүрсэн Марио Рожеро шүүхийн шийдвэрийг сонсоод "Гэмт хэрэг мандтугай" хэмээн мэдэгджээ. Түүнтэй санал нэг байгаагаа дэд сайд, Тээврийн сайд Маттео Сальвини ч илэрхийлсэн байна. "Тэр өөрийн амь нас, ажлаа хамгаалсан. Марио шиг хүмүүс биш харин жинхэнэ гэмт хэрэгтнүүдийг хорих хэрэгтэй" гэж Сальвини олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичжээ.
Энэ хэрэг 2021 оны дөрөвдүгээр сард гарсан байна. Тухайн үед худалдан авагчийн дүр эсгэсэн гурван дээрэмчин Рожерогийн үнэт эдлэлийн дэлгүүрт орж иржээ. Энэ үед лангууны ард Мариогийн эхнэр болон охин нь байсан аж. Дээрэмчид тэднийг гар буугаар сүрдүүлэхэд эмэгтэйчүүд хашгирч, улмаар Марио буу аван гарч иржээ. Ингээд тэдний хоёрыг нь буудан хөнөөж, гурав дахийг нь шархдуулсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |