Британийн Антарктидын өвийн сан дэлхийн хамгийн алслагдсан газарт байрлах шуудангийн салбарт ажиллах хүмүүсийг хайж байгаа гэнэ. Энэ шуудангийн салбар Антарктидын Порт-Локрой арал дээр байрладаг, энд ажиллах хүн дэлхийн хамгийн бөглүү газарт ажиллах хэрэгтэй болно гэж The Sun сонин мэдээлжээ.
Шуудангийн барилга хөлбөмбөгийн талбайгаас ч жижиг хэмжээтэй арал дээр байх бөгөөд эргэн тойронд нь оцон шувуунууд байдаг тул энэ шуудангийн салбарт ажиллах хүн эдгээр амьтдыг арчлах шаардлагатай аж.
Порт-Локрой нь Антарктидийн хойгт байгуулсан Британийн анхны байнгын ажиллагаатай бааз юм. 1944-1962 оны хооронд баазын зориулалттай ашиглагдаж байсан бол 2006 оноос эхлэн энэ газрыг шуудангийн салбар, музей байдлаар ашиглаж байгаа гэнэ. Антарктидад ажиллах хүн өдөр бүр оцон шувуунуудыг тоолж, тэдний ялгадсыг цэвэрлэх үүрэгтэй болно.
Энэ ажилд Британийн Антарктидын өвийн сан дөрвөн хүн авах бөгөөд тэд таван сарын туршид Порт-Локройд байх "оцон шувууны шуудангийн салбар" гэгддэг газарт ажиллах юм байна.
Энэ арал дээр интернет, холбоо харилцаа, усан хангамж байхгүй,харин эргэн тойронд олон зуун оцон шувуу амьдардаг аж. Британийн сан жил бүр 11 дүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд Порт-Локройд ажиллаж амьдрах дөрвөн шууданчийг хөлсөлдөг аж. Эдгээр ажилтнууд шуудангийн салбар, бэлэг дурсгалын дэлгүүрийг хариуцан ажиллуулж, энэ арал дээр ирсэн жуулчдад үйлчилж, жуулчдын илгээсэн 80 мянга гаруй захидлыг бүртгэн, илгээх ажлыг гүйцэтгэдэг юм байна. Үүний зэрэгцээ оцон шувуунуудыг тоолж, тэднийг арчлах үүрэгтэй гэнэ. Ийм ажлын төлөө сард 1260-1800 фунт стерлинг (монгол мөнгөөр 5,3 саяас 7,6 сая төгрөг) цалин өгдөг юм байна.
Порт-Локрой дахь баазыг 2019-2020 оны хооронд удирдаж байсан Люси Дорманы өгүүлснээр, энэ арал дээр амьдрах хүмүүс ар гэрийнхэнтэйгээ холбоо барьж чадахгүй байх нь сэтгэлзүйд хүндээр тусдаг аж. Энэ арал дээр интернет, холбоо харилцааны шугам байхгүй тул таван сарын хугацаанд гар утас ашиглах ямар ч боломжгүй юм байна. Гадаад ертөнцтэй холбогдох цорын ганц арга нь хиймэл дагуулын холбоо байх бөгөөд үүнийг зөвхөн албаны зорилгоор л ашигладаг аж.
Мөн усан хангамж байхгүй тул хоёр долоо хоногоор ч усанд орохгүй тохиолдол олон гардаг, шуудангийн багийнхан хоёр давхар ортой жижигхэн байшинд амьдарч, дундаа нэг угаалгын өрөө ашигладаг гэж Люси ярьжээ.
Г.Бямбасүрэн