Хятадад хяналтын камер суурилуулж, царай таних технологи ашигладаг болсноос хойш олон жилийн өмнө сураггүй болсон хүмүүсийг олсон тохиолдол олон гарч байсан. Энэ удаад 25 жилийн өмнө хулгайлагдсан хүүг хиймэл оюун ухааны тусламжтайгаар олжээ.
SCMP сонины мэдээлснээр, Се Циншуай 1999 оны нэгдүгээр сард хулгайлагдсан аж. Тухайн үед ээж нь хүнс авахаар хүүгээ Синтай хотод байх гэртээ түр орхиод гарчээ. Дэлгүүрээс эргэн ирэхэд хүү нь алга болсон байсан гэнэ. Ингээд Сегийн гэр бүл 25 жилийн туршид хүүгээ хайжээ. Өнгөрсөн жил гэхэд л хүүг олох сэжүүр болох мэдээлэл өгсөн хүнд 200 мянган юань, хүүг нь олж өгсөн хүнд 1 000 000 юанийн шагнал өгнө хэмээн амлаж байсан ч ямар нэг сураг сонсоогүй байна.
Харин олон жилийн дараа цагдаагийнхан Бээжингийн Deepglint компани хиймэл оюун ухаан дээр тулгуурлан боловсруулсан программ хангамжийн тусламжтайгаар хүүг олжээ. Энэ программ хангамж нь хулгайлагдсан хүүхэд насанд хүрсэн үедээ ямар төрхтэй болсныг таамаглахын тулд ар гэрийнхнийх нь царайны төрхийн ижил шинжүүдийг тооцоолдог байна.
Ингээд цагдаагийнхан хиймэл оюун ухаанд суурилсан программ хангамж ашиглан, Сегийн гэр бүлээс алдагдсан хүүхэд байж болзошгүй таван эрийг олж тогтоожээ. Тэдний дунд Се Циншуай байсан аж. Залуу эр Сычуань мужийн Чэнду хотод засварчнаар ажилладаг байсан гэнэ. Ингээд ар гэрийнхэн нь ДНХ тестийн хариуг авахад тухайн эр тэдний олон жилийн өмнө алдсан хүү нь болох нь тогтоогджээ.
Олон жилийн дараа хүүгээ олсон эцэг эх ихэд баярлаж, аав нь "Би энэ өдрийг 25 жилийн өмнө хүлээсэн" хэмээн сэтгүүлчдэд ярьсан бол гэнэтийн үйл явдалд цочирдсон Се Циншуай "энэ гэнэтийн мэдээний талаар бодох хугацаа хэрэгтэй" гэж сэтгүүлчдэд өгүүлсэн байна. Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр, Се Циншуай Deepglint-ийн тусламжтайгаар сүүлийн хагас жилд олсон дөрөв дэх хүн гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |