ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израил руу гэнэт халдсанаас үүдэлтэй өнөөгийн дайн сар гаруй үргэлжилсний эцэст сөргөлдөгч талууд ХАМАС бүлэглэлд олзлогдсон хүмүүсийг суллах, Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэх зорилгоор найман өдрийн хугацаанд гал зогсоож байсан. Гал зогсоох хугацаа дуусмагц байлдааны ажиллагаагаа бүрэн хүчин чадлаар нь сэргээнэ гэж мэдэгдэж байсан Израилын арми 12 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн Газын зурваст агаар болон хуурай замын ажиллагаа явуулж байна.
Израиль хамгийн хүчирхэг агаар, хуурай замын болон тэнгисийн довтолгоо хийж байгаагийн улмаас өнгөрсөн хоёр хоногт 349 палестин хүн амиа алдаж, 750 хүн шархаджээ. Энэ талаар НҮБ мэдэгдсэнийг Аль Жазира суваг дамжуулсан байна.
Өнөөгийн дайн эхлэх үед Газын зурвасын оршин суугчид өмнөд хэсэг рүү нүүж, аюулгүй газарт хоргодож байсан бол одоо энгийн иргэд гарах гарцгүй болоод байгаа юм. Учир нь Израилын арми Газын зурвасын өмнөд хэсэг рүү довтолж байгаа бөгөөд энэ нутагт байх дүрвэгчдийн хуаран, эмнэлгүүд цохилтод өртөж байгаа талаарх мэдээлэл гарч байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |