ХӨСҮТ-ээс Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн дарга А.Бурмаа
Өнөөдрийн байдлаар амбулаториор үйлчлүүлж буй нийт өвчлөгсдийн ес орчим хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдож байна. Эмнэлэгт хэвтэж байгаа нийт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд амьсгалын замын цочмог хүнд халдвартай оношлогдож байгаа хүмүүсийн хувьд 15 орчим хувийг эзэлж байна.
Эмнэлэгт амьсгалын замын хүнд өвчний улмаас хэвтсэн хүмүүсийн эзлэх хувьд 16.3 хувь байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоос тав орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Насны хувьд, 15 хүртэлх насныхан 84 хувийг, үүнээс 60 гаруй хувийг нь дөрөв хүртэлх насныхан байна.
Томуугийн илрэх шинж: Богино хугацаанд өндөр халуурах, ханиалгах, хоолой өвдөх, бачуурах, амьсгаадах, мөн хордлогийн шинж тэмдэг илэрч байна.
Томуугийн А хүрээний H3N2 вирус эргэлтэд орсон байна. Томуугийн тархалт ихсэж байгаа энэ үед маск зүүх, гарын ариун цэвэр хангах, зай барих зэрэг ковидын үед баримталж байсан дэглэмээ сахихыг зөвлөж байна.
Мөн Хятадын хойд хэсэгт уушгины хатгалгаа болон амьсгалийн замын өвчин дэгдээд байгаа билээ. Ялангуяа, хүүхдүүд өвчлөх тохиолдол нэмэгдэж, сургууль цэцэрлэгийг хаах хүртэл арга хэмжээг аваад байгаа. Энэхүү өвчлөл нь “Ковид-19” анх тус улсад дэгдсэнээс хойш дөрвөн жилийн дараа дахин шинэ аюул болж магадгүй гэсэн таамаглал цахим орчинд үүсээд байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн захирал Ж.Байгалмаа мэдээлэл өгөв.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн захирал Ж.Байгалмаа
БНХАУ-ын ЭМТБ 11 дүгээр сарын 13-нд манай улсын Бээжин, Манжуур зэрэг хот хойд нутгийн бүс нутгуудад уушгины хатгаа хүүхдүүдийн дунд нэмэгдэж байна гэдэг мэдээллийг дэлхий нийтэд түгээсэн байдаг. Үүний дараагаар ДЭМБ-аас 11 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт тодруулгыг БНХАУ-аас хүссэн байна. Уг нэмэлт тодруулгаар БНХАУ-д Микоплазмын шалтгаантай хатгалгаа хүүхдүүдийн дунд нэмэгдсэн байна. Мөн түүнчлэн улирлын чанартай үүсдэг бусад амьсгалын замын халдварууд мөн зэрэгцэн нэмэгдэж байна" гэсэн мэдээллийг ДЭМБ-д өгсөн байна. Мөн Хятадын эрүүл мэндийн яамны зүгээс ДЭМБ-д өгсөн мэдээлэлдээ энэ жилийн аравдугаар сараас хойш кластер хэлбэртэйгээр тархаж буй амьсгалын замын халдварт өвчин нь ямар нэг шинэ нянгаар үүсгэгдээгүй" гэжээ. Харин манай улсад яг энэ шалтгаантай уушгины хатгаа болон бусад халдварт өвчнийг долоо хоног бүр тандан шалгаж байна" гэсэн юм.