АНУ-ын шилдэг 10 сургуулийн тоонд багтдаг Northwestern University их сургууль хорих газарт ял эдлэж байгаа хүмүүст дээд боловсрол олгох хөтөлбөрийг эхлүүлж, анхны оюутнуудаа саяхан төгсгөсөн талаар NTD суваг мэдээлжээ.
Ял эдлэх хугацаандаа их сургуульд сурсан анхны хүмүүс болох 16 эрэгтэй Америкийн шилдэг 10 сургуулийн нэгд бакалаврын цол хүртсэн анхны хоригдол оюутан болжээ. Тэдний нэг болох Майкл Бродвей төгсөлтийн ёслол дээр олны өмнө үг хэлсэн байна.
"Ээж ээ, цагдаа хаалга эвдэж орж ирж байсан, хэн нэгэн манай байшин руу буудаж байсан тохиолдол бүрийн төлөө танаас болон гэр бүлийнхнээсээ олны өмнө уучлалт гуйж байна. Би өршөөл эрье. Намайг сайн хүн болоосой л гэж та хүсэж байсныг би мэднэ" хэмэн Майкл Бродвей өгүүлжээ.
Майкл 20 жил шоронд хоригдож байгаа бөгөөд өдгөө 51 настай тэрбээр бакалаврын цол авахаас өмнө олон бэрхшээлийг туулсан байна. Майклын ээж өвчний улмаас хүүгээ шоронд эргэж очиж чаддаггүй байсан гэнэ. Харин төгсөлтийн баяр дээр нь ирж, 20 жилийн дараа л хүүтэйгээ уулзжээ.
"Би цочирдсон. Хүү маань ийм амжилтад хүрнэ гэж бодож байсангүй. Гэхдээ тэр чадлаа. Би түүнээр бахархаж байна" хэмээн Майклын ээж өгүүлжээ.
Өнөөдөр АНУ даяар хоригдлуудад дээд боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд 100 орчим хоригдол их дээд сургуульд цахимаар суралцаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |