Японы эрдэмтэд ирэх оны зун дэлхийн анхны модон хиймэл дагуулыг хөөргөхөөр бэлтгэж байгаа талаар NHK мэдээлжээ. Модоор хийсэн хиймэл дагуул нь өдгөө дэлхийг тойрон эргэлдэж буй хөнгөн цагаанаар хийсэн хиймэл дагуулуудыг орлох экологийн цэвэр төхөөрөмж болох гэнэ.
Ойрын жилүүдэд хиймэл дагуулын тоо эрс нэмэгдэнэ гэж тооцвол өдгөө тойрог замд байгаа болон хаягдсан хиймэл дагуулуудаас үүдсэн сансрын хог манай гарагт хор хохирол учруулахын зэрэгцээ сансарт ажиллагаа гүйцэтгэх төрөл бүрийн аппараттай мөргөлдөж сүйрүүлэх эрсдэл өндөр байдаг аж. Энэ асуудлыг шийдэхийн тулд экологид ээлтэй хиймэл дагуул бүтээхээр Японы эрдэмтэд ажиллажээ.
Киотогийн их сургуулийн эрдэмтэд 2020 онд LignoStelle Space World төслийг эхлүүлж, гурван төрлийн модны бат бэх чанарыг шалгасан байна. Ингээд модноос авсан дээжийг Олон улсын сансрын станц дээр 290 өдөр байлгаж, туршилтад оруулан, энэ оны эхээр сансраас эргүүлэн авчирчээ.
Энэ туршилтаар сансрын хатуу ширүүн уур амьсгал модны шинж чанар эрс өөрчлөгдөхөд нөлөөлөөгүй, сансарт жил орчим хугацаанд байсан мод ялзарсан гэмтсэн шинж тэмдэггүй байсан гэнэ. Ингээд модоор хиймэл дагуул хийх ажлыг эхлүүлсэн байна.
Модоор хийсэн хиймэл дагуул нь төмрөөр хийсэн хиймэл дагуултай харьцуулахад хэд эдэн давуу талтай байдаг аж. Нэгдүгээрт, мод дэлхийн агаар мандал руу орох үедээ бүрэн шатаж, ямар нэг хортой бодис ялгаруулахгүй, хог хаягдал үлдээхгүй юм байна.
Улмаар Японы эрдэмтдийн бүтээсэн хиймэл дагуулыг НАСА-тай хамтран 2024 оны зун хөөргөхөөр төлөвлөж байгаа аж. Эхний дүгнэлтийг хийхийн тулд дор хаяж зургаан сарын хугацаанд ажиглах ёстой гэж эрдэмтэд мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |