Газын зурвасын эмнэлгээс 190 хүнийг нүүлгэн шилжүүлжээ
2023-11-23

Израилын арми хуурай замын цэргийн ажиллагааны хүрээнд Газын зурвас дахь "Аш-Шифа" эмнэлэг рүү халдаж, энэ объектыг хяналтдаа оруулсан юм. Тэд эмнэлгийн барилга руу халдсаныгаа эмнэлгийн дор алан хядагчдын хонгил байгаа хэмээн тайлбарлаж байв. 

 

Улмаар эмнэлэг хэвийн ажиллах боломжгүй болж, хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон юм. Өнөөдрийн байдлаар 190 өвчтөн, эмч, эмнэлгийн ажилтныг Аш-Шифа эмнэлгээс нүүлгэн шилжүүлсэн гэж Улаан хавирган сар нийгэмлэг мэдэгджээ. 

 

Нийгэмлэгийн мэдээлснээр, эмч, эмнэлгийн ажилтан, өвчтөнүүд нийлсэн 190 хүнийг нүүлгэн шилжүүлэхэд тус нийгэмлэгийн түргэн тусламжийн 14 машин, НҮБ-ын хоёр автобусыг ашигласан байна. Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг Газын зурвасын Хан-Юнис дэх Европын эмнэлэг рүү хүргэжээ. Хэдийгээр 190 хүн нүүлгэн шилжүүлсэн ч өөр олон өвчтөн, эмнэлгийн ажилтны хамт эмнэлэгт үлдсэн гэж Улаан хавирган сар нийгэмлэг мэдэгджээ. 

 

Нүүлгэн шилжүүлэх ажиллагаа 20 цаг үргэлжилсэн гэнэ. Ийнхүү удсан шалтгаан нь Газын зурвасын өмнөд болон хойд хэсгийн хооронд байх хяналт шалгалтын цэгээр хүмүүсийг нэвтрүүлэхдээ нарийвчлан шалгаж байгаатай холбоотой гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин