Америкийн жүжигчин Жейми Фоксыг бэлгийн хүчирхийлэл, биеийн хүчирхийлэл үзүүлсэнд буруутгасан нэхэмжлэлийг Нью-Йоркийн Дээд шүүх хянан хэлэлцэхээр болжээ. Энэ талаар CNN агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, нэхэмжлэл гаргасан бүсгүй өөрийнхөө нэрийг нууцалж, Жейн Доу гэж танилцуулжээ. Шүүхэд өгсөн түүний баримтад өгүүлснээр, 2015 онд бүсгүй Нью-Йоркийн нэгэн зоогийн газарт тааралдсан гэнэ. Энэ үед бүсгүйн найз Жейми Фокстой зургаа авахуулахыг гуйжээ. Харин жүжигчин бүсгүйг олж хараад, "гарнаас нь татаж, дээвэр дээр байдаг зоогийн газрын өөр нэг хэсэг рүү чирсэн" аж. Улмаар бүсгүйн бэлхүүсээр тэвэрч, секс хийхийг оролдсон гэнэ.
Энэ үеэр бүсгүйн найз нь тэдний араас ирснээр энэ үйлдэл зогссон гэж бүсгүй нэхэмжлэлдээ өгүүлжээ. Түүний өгүүлснээр, "бэлгийн хүчирхийлэл, цохиулж зодуулсны улмаас" эмчилгээнд орох шаардлагатай болсон гэнэ.
Жейми Фокс нь Америкийн алдартай жүжигчин, дуучин, стэндап комедиан юм. Тэрбээр "Рэй" киноны Рэй Чарльзын дүрээр ихээхэн алдаршсан бөгөөд энэ дүрээрээ Оскарын шагнал хүртэж байв.
Уншиж байна |