Авлигын хэргээр чанга дэглэмтэй хорих ангид 12 жил хоригдох ял сонссон, Оросын Владивосток хотын дарга асан Олег Гуменюк Украинтай дайтах фронт руу явах сайн дурын цэргээр бүртгүүлжээ. Энэ талаар Москва Таймс сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Олег Гуменюк нийт 38 сая рублийн хахууль авсан хэргээр 2023 оны эхээр 16,5 жилийн хорих ял сонсжээ. Харин тавдугаар сард ялыг нь бууруулж, 12 жил болгосон байна. Тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, өөрийг нь гүтгэсэн гэж үздэг аж. Орост ял эдлэж буй хүмүүс өршөөлд хамрагдахын тулд фронт руу явах боломжтой бөгөөд Гуменюк ч энэ замыг сонгож, сайн дурын цэргээр бүртгүүлжээ.
Энэ нь шоронд суухгүйн тулд дайны талбар руу явах шийдвэрийг улс төрчид гаргасан анхны тохиолдол биш юм. Тухайлбал, хахууль авсныхаа төлөө есөн жилийн ял сонссон, Хакасийн орлогч дарга мөн л фронт руу явсан бөгөөд тэрбээр саяхан шархдаж, ар тал руу буцжээ. Түүнчлэн, мөн л хахууль авсан хэргээр ял шийтгэл сонссон хотын дэд дарга Александр Мельников, Красноярскийн нийгмийн төсөл хэрэгжүүлэх төвийн дарга асан Максим Бархатов нар фронт руу явж, улмаар зургадугаар сард амиа алдсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |