"Урлаг спортын авьяастай, онц сурдаг хүүхдүүд бусдыгаа их дээрэлхдэг"
2023-11-23

Бидний хэлж яриад шийдтэй болдоггүй нэг асуудал бол үе тэнгийн гадуурхалт болон тэдний хүмүүжлийн асуудал. НҮБ-аас хийсэн судалгаагаар дэлхий нийтэд гурван сурагч тутмын нэг нь үе тэнгийнхнийхээ хүчирхийлэл дээрэлхэлтэд өртдөг гэж гарчээ. Тэгвэл Монгол улсад 10 хүүхэд тутмын 8 нь “Үе тэнгийн дээрэлхэлт”-д өртдөг байна. 

 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Эрүүл мэндийн яамны хамтарсан сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаагаар (2017 он) 15-29 наснаас доош насны  хүүхэд, залуучууд амиа хорлох эрсдэл маш өндөр байгаа нь ажиглагдсан байна. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн 2021 оны Дэлхийн хүүхдийн байдал 2021 тайланд жил бүр 45,800 өсвөр насныхан амиа хорлодог талаар дурдсан байна.  

 

Хүүхдүүдийн 30 орчим хувь нь сургуулийн орчинд хүчирхийлэлд өртөж байна

 

Өнгөрсөн жил Боловсролын ерөнхий газар болон Боловсрол эвсэл хамтран ажиллах санамж бичгийнхээ дагуу "Сургуулийн орчин дахь хүчирхийллийг таслан зогсооё" төр, иргэний нийгмийн түншлэл хамтын ажиллагааны хүрээнд БЗД-ийн 33 ерөнхий боловсролын сургуулиуд засаглал, материаллаг болон нийгэм сэтгэлзүйн орчны үнэлгээг хийж дуусгажээ. Уг үнэлгээний үр дүнг сургуулиудтай хамтран нэгтгэж ирэх хичээлийн жилд хүүхэд хамгааллын чиглэлээр ямар зорилго тавьж, хэрхэн хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох гэнэ. 

 

Улаанбаатар хотын бүх дүүрэг, найман аймагт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад Үе тэнгийнхний дээрэлхэлт ямар түвшинд байна вэ гэх асуултад 82.8 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ.

 

Сургууль орчмын дээрэлхэлтийн талаар зарим сурагчдаас тодрууллаа. 


53-р сургуулийн есдүгээр ангийн сурагч М.Тэлмэн: Сургуулийн орчин дахь шатны хонгил, ариун цэврийн өрөө гэхчлэн хүний хөл хөдөлгөөн багатай газруудад үе тэнгийн дээрэлхэлт ихэвчлэн үйлдэгддэг. Хүүхдүүд  дээрэлхэлтэд өртсөн тухайгаа  багш, болон гэр бүлийнхнээсээ нуун дарагдуулдаг. Мэдээж тэр хүүхэд сүрдүүлэгэнд орчихсон байгаа шүү дээ. Сүүлийн үед охидууд нэгнийгээ дээрэлхэж, элдвээр хэлдэг. Миний бодлоор гэр бүлийн хүмүүжил болон үзэж байгаа кино контентноос болж байгаа байх. Миний хувьд дээд ангийнхаа ах нарт дээрэлхүүлж байсан. Ах нарыг харахаараа аль болох холхон нь өнгөрөхийг хүсдэг дээ. 

 

33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Эрхэс: Миний хувьд бага ангид байхдаа л ангийнхаа хөвгүүдэд дээрэлхүүлж байсан юм. Гэхдээ дунд ангид ороод спортоор хичээллээд сургуульдаа нэр хүндтэй болж эхэлсэн. Ингээд ирэхээр хүүхдүүд дээрэлхэхээ больдог юм билээ. Харин эсрэгээрээ урлаг спортын авьяастай, онц сурдаг, сургуульдаа нэр бүхий  хүүхдүүд бусдыгаа их дээрэлхдэг харагдсан. Дээрэлхэлт бий болгож буй суурь нь гэр бүлийн хүмүүжил гэж хардаг. Эцэг, эхчүүд хүүхдэдээ найз нөхөдтэйгөө яаж харилцах талаар болон бусдыг ялгаварлахгүй байх зэргийг сургах хэрэгтэй. Мөн түүнчлэн сургуулийн орчинд дээд ангийн ах, эгч нар нь дүү нартайгаа эелэг харилцаж, үлгэрлэдэг байвал зүйтэй. 

 

5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т.Энхжин: Нийгмийн тогтсон хандлага дээрэлхэлтийн суурь шалтгаан гэж би хардаг. Ямар нэг дарамтад өртсөн үедээ хэн нэгэнд хэлж, хандаж чадахгүй хүүхэд олон бий. Ялангуяа багш гадуурхаж, доромжилсон тохиолдолд сурагчид цааш хэнд ч хэлдэггүй. Мөн хүүхдүүд бие биеэ дээрэлхэхэд багш нарын хандлага нөлөө үзүүлдэг. Зарим багш нар зарим сурагчтай маш дээрэнгүй харьцдаг. Энэ нь автоматаар бусад сурагчдад нөлөөлсөн байдаг. Тэгэхээр дээрэлхэлт гэдэг асуудал тухайн хүүхдийн эргэн тойрны бүхий л хүмүүстэй салшгүй холбоотой. 

 

Эдгээр хүүхдүүдийн асуудал бол наад захын л хэдхэн жишээ. Жил болгон үе тэнгийн дээрэлтийн талаар хөндөж ярьдаг хэдий ч маш их хэмжээгээр байсаар л байна. Тиймээс үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоохын тулд бодлогын түвшинд анхаарах зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн багш, эцэг эхчүүд хүүхдүүдтэй харилцахдаа анхаарал, болгоомжтой байж, тэднийг бие биеэ гадуурхаж, үзэн ядахад хүргэх үйлдэл гаргахгүй байх тал дээр анхаарах нь зүй ёсны хэрэг биз ээ. 

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-11-23
намайг хүүхэд байхад онц сурдгууд нь илүү ёс суртахуун хүмүүжил сайтай хууль дүрэм огт зөрчдөггүй хүүхдүүд байсан. муу сурдаг юм болгоны эсрэг явдаг юмнууд л бусдыг зодно хичээл тасална муу юм болгоныг хийдэг байсан
2023-11-23
ЕР НЬ ТОМ БИЕТЭЙ СПОРТООР ЯЛАНГУЯА ЗОДООНЫ ТӨРЛӨӨР ХИЧЭЭЛЛЭДЭГ ХҮҮХДҮҮД Л ИХ ДЭЭРЭЛХДЭГ ЮМ ДАА, ОНЦ СУРДАГ ХҮҮХДҮҮД БИЕИЙН ХҮЧНИЙ ТАЛ ДЭЭР СУЛ БАЙДАГ ЮУНДАА Ч ХҮН ДЭЭРЭЛХЭХЭВ ХИЧЭЭЛЭЭ ХИЙГЭЭД ЯВДАГ ШДЭЭ ЧААВААС
2023-11-23